Боксчид тивийн АШТ-д амжилттай оролцвол ДАШТ-д хүч үзэх эрх авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сард Узбекстанд болох бөгөөд энэ тэмцээнээс долоо хүртлэх байрт шалгарсан тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д хүч үзэх эрэхтэй болох юм.
Боксын насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сард Германы улсын Хамбург хотод болно. Токио-2020 олимпийн мөчлөг/цикль/ийн эхний ДАШТ-д тив, тивийн төлөөлсөн шилдэг 280 боксчин хүч ур чадвараа сорино.
Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/ 2015 оны ДАШТ-ээс дүрмэндээ өөрчлөлт оруулж тивийн АШТ-д эхний долоод орсон тамирчид ДАШТ-д өрсөлдөх эрхээ авна гэсэн өндөр шалгуур тавих болсон юм.
Иймд олимпийн болон дэлхий, тивийн аварга төрүүлсэн манай боксчид уламжлалт амжилтаа баталгаажуулахад илүү их бэлтгэл сургуулилт хийж Ази тивийн АШТ-д өндөр амжилт үзүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байгаа юм.
Д.Өлзий