Түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллуулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-04-05 16:55:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол харъяа байгууллагууддаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тушаал гаргав.

Тушаалаар сансрын хиймэл дагуулын мэдээг ашиглан ой, хээрийн түймрийн голомт, тархалтыг эрт илрүүлэх, мэдээлэх, шуурхай мэдээллийн эргүүл, харуул, жижүүр ажиллуулахыг үүрэг болгосон байна. Мөн түймрийн аюулаас иргэдийн амь нас, өмч хөрөнгө, байгалийн нөөц баялгийг хамгаалах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, түймэр унтраах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг оновчтой шуурхай зохион байгуулахыг даалгасан байна. Түймрийн аюулын үнэлгээ гурав болон түүнээс дээш зэрэглэлд хүрсэн тохиолдолд тухайн ойд аж ахуйн болон бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглохыг бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт үүрэг болгожээ.

Он гарсаар Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймагт 16 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 13 га ой, 3685 га хээр түймэрт өртжээ. Түймэр айл өрх ил задгай үнс нурмаа хаях, татсан тамхиа унтраалгүй орхих зэргээс шалтгаалан гарсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ