ЭМЯ, Японы ЖАЙКА байгууллага хоорондын хамтын ажиллагаа үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-04-11 15:25:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЭМЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага-ЖАЙКА хамтран "Монгол Улсын анхан ба хоёрдахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь" төслийг 2015 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд төслийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний яаралтай тусламж, хүүхэд, гэмтэл согог, халдварт өвчин судлалын үндсэн мэргэшлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж, чадавхжуулахад анхаарч ажиллаж байна.

Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн  хоёр дахь удаагийн хурал энэ сарын 10-нд ЭМЯ-нд болж, төслийн ахлах зөвлөх, Анагаах ухааны доктор Охара Хироши, зохицуулагч Нода Хироюки нар 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 3 дугаар  сар хүртэл хийсэн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлагнасны зэрэгцээ эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт, амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламжийн сургалтыг цаашид хэрхэн тогтвортой явуулах, сургалт эрхлэгч байгууллага, резидент эмчийн явцын үнэлгээг хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмжөө танилцуулав.

Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтын талаар цаашид баримтлах бодлого, үндсэн зарчим, төлөвлөгөө, Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламжийн сургалтын төлөвлөгөө, Үндсэн мэргэшлийн сургалт эрхлэгч байгууллагад үнэлгээ хийх төлөвлөгөө гэсэн асуудлыг төслийг хэрэгжүүлэх хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар хоёр тал зөвшилцөлд хүрсэн юм.

Энэ үеэр хурлаас гарсан дээрх зөвшилцлийн хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга, Д.Очирбат, Төслийн захирал бөгөөд хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга болон Японы Олон Улсын Хамтын ажиллагааны  байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нар "Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлын баримт бичиг"-т гарын үсэг зурж баталгаажууллаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ