Л.Яшины тухай уран сайхны кино ирэх хавар дэлгэцэнд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-04-17 15:37:23

МОСКВА./TASS/. Найруулагч Василий Чигинскийн “Лев Яшин бол миний мөрөөдлийн хаалгач” гэдэг нэртэй уран сайхны киногОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө буюу 2018 оны 4-5 дугаар сард дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байна. Энэ тухай уг киноны продюсер Олег Капанец ярилаа.

“Бид киног ДАШТ болохоос өмнө амжин бэлэн болгох ёстой. Тэгэхээр 2018 оны 4-5 дугаар сард дэлгэцэнд гарах болов уу гэж бодож байна” гэж продюсер ярьжээ. Түүний хэлснээр, уг киноны ажил 2015 онд эхэлсэн бөгөөд зураг авалтын хоёрдахь үе шат дуусч байгаа юм. Гуравдахь хэсгийг энэ оны 6-7 сард авах бол дөрөвдэхийг нь 9 дүгээр сард гадаадад авахаар төлөвлөжээ. Киног улсын төсвөөс мөнгө авалгүйгээр хийж байгаа аж.

Киноны гол дүр нь ФИФА-гийн хувилбараар 20 дугаар зууны шилдэг хөлбөмбөгчнөөр хүлээн зөвшөөрөгдсөн Зөвлөлтийн хөлбөмбөгчин, Социалист хөдөлмөрийн баатар Лев Яшин /1929-1990/ юм. 1971 оны 5 дугаар сард Яшины зодог тайлах тоглолтоо хийж байгаагаар кино эхэлнэ. Энэ үеэр Яшин тамирчны замналынхаа хугацаанд хийсэн тоглолтууд, хамт тоглож байсан нөхдөө дурсана.

“Манай кино бодит үйл явдал дээр суурилсан, гэхдээ бас уран сайхны сэтгэмжийн зохиомол зүйлүүд ч бий. Яшинд юу тохиолдож болох байсныг бид дүрсэлсэн. Домогт хаалгачийн амьдралд болж байгаагүй үзэгдлүүд ч бий, гэхдээ драмын зохиолын хувьд зохиомжиндоо нийцэж байгаа юм” гэж О.Капанец ярилаа.

Залуу Яшины дүрд Щукины нэрэмжит Театрын дээд сургуулийн төгсөгч Александр Фокин тоглосон бол ахимаг насны дүрд нь Александр Ермаков тогложээ.
О.Барс 




 
Холбоотой мэдээ