Парис дахь цагаачдын томоохон хуаранг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-23 16:27:56

МОСКВА. /RIA Novosti/. Францын нийслэл Парис хотын эрх баригчид тус хойд хэсэгт оршдог Жан Каррегийн нэрэмжит лицей сургуулийн хуучин барилгад амьдарч байгаа 700 гаруй цагаачийг нүүлгэн шилжүүлж эхэллээ гэж Франс-Пресс агентлаг мэдээлэв. 

Тус агентлагийн мэдээлснээр, цагаачдыг орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Нүүлгэн шилжүүлж эхлэхээс өмнө олон цагаач уг барилгыг хэдийн орхисон байсныг мэдээлж байна. Нийгмийн ажилтнуудын хэлснээр, цагаачдыг дүрвэгсдийг хүлээн авах тусгай төвд хүргэх 26 автобусыг бэлджээ.

Парисын эрх баригчид цагаачдын урсгалыг шийдэхийг хэдэн сар оролдож байгаа юм. Есдүгээр сарын дундуур 1000 орчим дүрвэгч амьдарч байсан хоёр хуаранг татан буулгасан байна. Хотын эрх баригчдын мэдээлснээр, 2200 гаруй цагаачид орон сууц олгожээ.

Европын Холбооны хилийн "Фронтекс" агентлагийн хамгийн сүүлийн мэдээллээр, 2015 оны эхний есөн сарын хугацаанд тус холбооны орнуудад 710 мянга гаруй цагаач ирсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ