Черногорт жагсагчдыг нулимс асгаруулагч хий ашиглан тараав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-25 10:41:51

БЕЛГРАД. /TASS/. Черногорын нийслэл Подгорица хотод жагсагчдыг тараах үеэр 15 цагдаа шархадаж, Засгийн газрыг эсрэг жагсаалд оролцсон 24 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Рашко Коневич яаралтай зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Түүний хэлснээр, эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагч сөрөг хүчний "Ардчилсан фронт" намын удирдагчдын нэг болох Андрей Мандичийг баривчилжээ. Түүний хэлснээр, “баривчлагдсан өөр хүмүүс ч мөн байгаа бөгөөд прокурорууд болон цагдаа нар байдалд дүн шинжилгээ хийж байна”.

Жагсагчид парламентын барилга руу дайран орохыг оролдож, замыг нь хааж байсан цагдаа нар руу лонх, гал цацруулагч шидэлжээ. Эмх журам сахиулагчид хариуд нь нулимс асгаруулагч хий, дуут гранат хэрэглэсэн байна. Эцэст нь эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдыг парламентын барилгын ойролцоох гудамж руу шахаж гаргажээ.

Черногорын сөрөг хүчнийхэн улсынхаа Ерөнхий сайд Мило Жукановичийн бодлогыг, тэр дундаа тус улсыг НАТО-д элсэхийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Жагсагчид Жукановичийг огцорч, шилжилтийн Засгийн газар байгуулахыг шаарджээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдад огцроход нь энэ долоо хоногийн бямба гараг хүртэл хугацаа өгсөн байна. Хэрэв огцрохгүй бол 10 дугаар сарын 24-нд “Черногор даяар эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулна” гэж мэдэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ