Сирийн аядуу үзэлт сөрөг хүчнийхэн Москвагийн саналаас татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-25 11:42:12

ДАМАСК. /BBC/. Агаараас дэмжлэг үзүүлэх Москвагийн саналыг Сирийн аядуу үзэлт сөрөг хүчний төлөөлөгчид хүлээж авсангүй.

Москва эхлээд зэвсэгт сөрөг хүчинд цохилт өгөхөө зогоох ёстой гэж “Сирийн чөлөөт арми”-ийн ангиудын нэгийнх нь дарга Фарес Байуш “Ройтерс” агентлагт мэдэгджээ.

“Оросууд бидэнд бидний хүсээгүй тусламжийг санал болгохынхоо өмнө “Сирийн чөлөөт арми”-ийн командын төвүүдийг бөмбөгдөхөө зогсоох ёстой” гэж Бауйш хэлсэн байна.

Үүнтэй адил саналтай байгаагаа тус армийн бас нэг ангийг удирдагч Ахмад Сауд “Франс-Пресс” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа илэрхийлжээ.

“Оросууд “Сирийн чөлөөт арми”-ийг бөмбөгдөж байгаа мөртлөө Асадын дэглэмд дэмжлэг үзүүлэнгээ бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна? Бид оросуудыг огт ойлгохгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна.

“Сирийн чөлөөт арми”-д Москва агаараас дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бямба гарагт мэдэгджээ.

Сирийн сөрөг хүчний хэт давруу үзэлтүүдийн “Лалын улс” бүлэглэлийн террористуудтай байлдаж байгаа газруудад ОХУ ийм тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Лавров онцлон тэмдэглэсэн байна.

Оросууд ихэвчлэн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад үнэнч хүчний довтолгоонд нэгэн зэрэг өртөж байгаа аядуу үзэлт сөрөг хүчнийхэнд цохилт өгч байна гэж Өрнөдийн болон Арабын орнуудын эрх баригчид мэдэгдэж байгаа юм. Харин Москвагийн эрх баригчид үүний хариуд жихадистууд, террорист бүлэглэлүүдийн байрлалыг бөмбөгдөж байгаа гэж мэдэгдсээр байгаа билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ