Монгол Улсын зорилго, тэмүүлэл нь тодорхойгүй байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-аас ард түмний өмнө тулгамдсан асуудлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор "Бид хамтдаа" аяныг орон даяар өрнүүлж байна. Тус аяны хүрээнд энэ сарын 26-30-ны өдөр "Бид хамтдаа" үндэсний форумыг зохион байгуулж байна.
Үндэсний форумын нээлт өнөөдөр Төрийн ордонд болж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар үг хэлэв.
АН-ын бүлгийн дарга С.Бямбацогт форумын нээлтэд оролцохдоо хэлсэн үгэндээ, Одоогоос 25 жилийн өмнө хүйтэн дайн дуусч, Берлиний хана нурснаар дэлхийн ихэнхи улс оронд ардчилсан төр засаг байгуулагдах болсон. Энэ үйл явцыг Стенфордын их сургуулийн нэрт профессор Фрэнсис Фукуяама либераль ардчиллын төгс ялалт гэж нэрлээд "Түүхийн төгсөл ба сүүлчийн хүн" хэмээх алдарт бүтээлээ туурвиж байсан нь саяхан. Гэтэл либераль ардчиллын талаар дэврүүлэн бичиж байсан томоохон онолч тэрээр өнөөдөр "Либераль ардчилал мухардалд орлоо. Асар том сорилтын өмнө туллаа" гэж ярьж бичих боллоо. Техник технологийн дэвшил, түүний хурд, мэдээллийн эрин зууны үр нөлөө нь хүн төрөлхтөний улстөр, эдийн засагт баримталж ирсэн сонгодог онолуудыг “мөхөсдүүлж” маргаантай байдалд орууллаа. Баруун, “зүүний” гэсэн голлох хоёр нэр томьёо бүдгэрч, хөгжлийн гуравдахь замын асуудал яригддаг болов.
1990 оноос хойш БНХАУ, ОХУ гэсэн манай хоёр хөршид Засгийн эрх мэдэл тус бүр гурвантаа солигдсон байхад Монгол Улс 15 Засгийн газрын нүүрийг үзээд байна. Хятад орны бодлогын тогтвортой байдал 10, Орос Улсад 12 жил байх нь тогтолцооны хувьд үндсэндээ төлөвшиж биднийг тойрон хүрээлсэн улстөрийн интеграци бүрэлдлээ. Харин бид 4 жилийн мөчлөг дагасан богино бодлого, өмнөхөө үгүйсгэж, өөр зүйл ярьдаг "чөтгөрийн тойргоор" энэхүү интеграцид татагдаж байна хэмээн онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Орос Улс “Манай эх орон” хөгжлийн хөтөлбөр, Хятад Улсад “Хятад мөрөөдөл”, Казакстан улс “Казакстан- 2050”, Япон Улс “Таатай нийгэм 2030” гэх мэт дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулан баталж, мөрдөж байна. Бид ардчилсан нийгэмд шилжихдээ өмнөх бүхий л зүйлийг үгүйсгэн туйлширснаар “Төлөвлөгөөний комисс” хэмээх улс орны бодлого төлөвлөлтийн уураг тархи болсон байгууллагаа татан буулгасан нь өнгөрсөн хугацаанд гаргасан том алдаа болсон. Социалист 5 жилийн төлөвлөгөө нь улс орны дунд хугацааны хөгжлийн бодлогыг хангадаг байсан. Харин өдгөө төлөвлөлт хэмээх үг социалист лоозон мэт адлагдаж, бүхнийг зах зээл өөрөө зохицуулна гэсэн хийсвэр төсөөлөлд итгэж явсаар Монгол Улсын зорилго, тэмүүлэл нь тодорхойгүй байна.
Тиймээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай процессийн хуулийг батлах хэрэгтэй. Хуулийн дагуу төлөвлөгдсөн аливаа ажлыг хийхэд хяналт тавих механизм бий болгон хэрэгжүүлээгүй албан тушаалтны хүлээх хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай" гэв.