Жошуа-Фьюригийн халз тулаан ирэх онд “Уэмбли”-д болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-04 11:51:29
МОСКВА./TASS/. Хэт хүнд жингийн дэлхийн аварга, Британийн боксчин Энтони Жошуа болон нэр хүндтэй гурван боксын холбооны бүсийг эзэмшиж буй түүний эх орон нэгтэн Тайсон Фьюри хоёрын халз тулаан 2018 оны 4 дүгээр сард Лондоны “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болж магадгүй. Энэ тухай Жошуагийн менежер Эдди Хирн мэдэгдсэнийг “Boxing Scene” цахим хуудсанд иш татан мэдээлжээ.

Ням гарагт шилжих шөнө “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон 12 үетэй халз тулаанд Э.Жошуа Украины боксчин Владимир Кличког 11 дэх үед хүнд цохилтоор ялснаар дэлхийн аварга цолоо бататгаж, “Супер аварга”-ын бүсийг зүүсэн билээ.

“Фьюри рингэндээ эргэж ирээсэй гэж Жошуа бид хоёр маш их хүсч байна. Гэхдээ тэрбээр энэ ойрын үед эргэж ирж чадахгүй л болов уу. Фьюри бие бялдар, бэлтгэлийн хувьд бэлэн биш байгаа, түүнээс гадна тэрбээр сэргээшийн асуудлынхаа учрыг олох хэрэгтэй, мөн тусгай зөвшөөрлөө буцааж авах ёстой. Миний бодлоор Фьюритэй халз тулаан хийх хамгийн их боломжтой цаг хугацаа бол 2018 оны 4 дүгээр сар. Гэхдээ энэ нь 10 эсвэл 11 дүгээр сард Жошуа цолоо хамгаалж чадах эсэхээс бас хамаарна, хэрвээ бид үүнийг хийж чадах юм бол Фьюритэй халз тулаан хийнээ” гэж Эдди Хирн ярьжээ.

Жошуа мэргэжлийн боксын рингэнд ялагдал гэдгийг үзээгүй бөгөөд 19 удаа дараалан ялалт байгуулсан /бүгдийг нь хүнд цохилтоор/ бол Фьюри ч мөн адил 25 удаа ялалт байгуулж, ялагдалгүй яваа юм.
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ