Багш, сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжсэнээр хамтын ажиллагаа сайжирна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-05 21:52:51
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хот, хөдөөгийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хооронд тогтвортой түншлэл тогтоох, сурагчдыг сургалтын шинэлэг арга зүй, технологид суралцуулах, удирдах ажилтан, багш нарын хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлж, харилцан сайн туршлага солилцуулах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Багш, сурагч солилцоо” хөтөлбөрийг батлан гаргалаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд зохион байгуулах бөгөөд ажлын 3, 5, 10 хоногт багтаан явуулж байх аж. Энэхүү багш, сурагч солилцоог сургууль хооронд, цэцэрлэг хооронд, МСҮТ-үүд хооронд, сум хооронд, аймаг хооронд, аймгаас нийслэл хооронд болон улс хооронд хэрэгжүүлэх юм.
Уг хөтөлбөр хэрэгжсэнээр удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн шилдэг туршлага, арга зүй, ур чадвараас харилцан суралцах боломж нээгдэх юм байна. Мөн шилдэг ажил, арга хэмжээ, туршлагыг өөрийн цэцэрлэг, сургуульдаа нэвтрүүлэх, бусдад түгээн дэлгэрүүлэх боломжтой болох ажээ. Сурагч нь шинэ орон нутагтай танилцахын зэрэгцээ тухайн орон нутгийн ард түмний зан заншил, соёлоос суралцаж, Монгол хүн гэдгээрээ бахархах үзэл, хандлага дээшилэх аж. Түүнчлэн сурагчдын авъяас чадвар, нийгмийн идэвхийг хөгжүүлэхэд эцэг эх, удирдлага, багшийн оролцоо санаачилга нэмэгдэж, хамтын ажиллагаа ч сайжрах зэрэг давуу талууд ихтэй юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ