Катарын маргаан: Арабын ертөнцөд эв нэгдлийг бэхжүүлэхийг Д.Трамп уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-06-07 11:15:17
ВАШИНГТОН. /Reuters/. Лалын хэт давруу үзэлтнүүдийг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлээр Катартай тогтоосон дипломат харилцаагаа хэд хэдэн улс орон таслаад байгаа билээ. Энэ үед эв нэгдлээ бэхжүүлэхийг Персийн булангийн улс орнуудад уриалахыг Саудын Аравийн хаанаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүсчээ.

Өчигдөр Д.Трамп Саудын Аравийн хаан Салман бин Абдул Азизтай утсаар ярих үеэрээ “хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэж, террористуудыг санхүүжүүлж байгааг таслан зогсоохын тулд бүс нутагт эв нэгдлийг бэхжүүлэх нь чухал” гэжээ.

Саудын Арави Катарыг тусгаарласнаар “терроризмын аюулыг зогсоох эхлэлийг тавина” гэж Д.Трамп урьд нь хэлж байсан билээ.

Энэ долоо хоногийн даваа гарагт хэд хэдэн улс орон Катартай тогтоосон харилцаагаа тасалж, тус улс руу ард иргэдээ явахыг хориглосон юм.

Хэт давруу үзэлтнүүдийг дэмжиж байна гэж буруутгаж байгааг Катарын тал эрс эсэргүүцэн няцааж байна.

Кувейтийн хаан холбогдох талуудын хооронд зуучилж байгаа бол Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган маргаанаа зохицуулахад нь талуудад туслахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу “нэгийгээ тусгаарлаж, хориг арга хэмжээ авснаар хямралыг шийдвэрлэж чадахгүй” гэв.

Энэ маргааны улмаас Катарт нефтийн үнэ буурч, аялал жуулчлалын салбар уналтад орж, супермаркетуудад барааны хомсдол үүсээд байна.

Д.Трамп юу хэлэв?

Террористуудыг санхүүжүүлж байна гэж Д.Трамп өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан Катарыг буруушаахын сацуу “би саяхан Ойрхи Дорнодод айлчлах үеэрээ “хэт давруу үзэлтнүүд цаашид санхүүжилт авах боломжгүй болно. Террористуудыг санхүүжүүлж байгаа Катарт анхаарлаа хандуулцгаа!” гэж Ойрхи Дорнодын улс орнуудын удирдагчдад хэлсэн” гэжээ.

Тэрбээр өчигдөр Саудын Аравийн хаан Салмантай утсаар ярихдаа “бүс нутгийн энх тайван ба аюулгүй байдлын төлөө Персийн булангийн улс орнууд эв нэгдэлтэй байх нь чухал” гэсэн аж.

Саудын Арави юу хүсч байна вэ?

Хэрвээ Катар улс Персийн булангийн бүс нутагт ганцаараа тусгаарлагдсан чигээрээ байхыг хүсэхгүй байгаа бол Палестины “ХАМАС” бүлэглэл болон Египетийн “Лалын ахан дүүс” хөдөлгөөнтэй харилцаагаа таслах хэрэгтэй гэж Саудын Аравийн Гадаад харилцааны сайд Адель Аль-Жубейр хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “хэн ч Катарт хор хохирол учруулахыг хүсэхгүй байна. Харин Катар бүс нутгийн улсуудтай нэг зүгт явах уу эсвэл өөр зүгт явах уу гэдгээ сонгох ёстой” гэжээ. Катарыг терроризмыг дэмжигч биш харин “жирийн улс” болгоход эдийн засгийн хориг арга хэмжээ нөлөөлнө гэж тэрбээр хэлсэн байна.

ХАМАС бол Палестин дахь лалын босогчдын хэд хэдэн бүлэг дотроос хамгийн том нь бөгөөд Арабын ертөнцөд сонгуульд ялж байсан анхны бүлэглэл юм.

“Лалын ахан дүүс” бол Египетийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог лал босогчдын бүлэглэл билээ. Зарим улс орон энэ хоёр бүлэглэлийг “террорист бүлэглэл” гэж үзэн хар жагсаалтад оруулаад байгаа юм.
 
Г.Доржханд


 
 
 
Холбоотой мэдээ