Дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд 20 орчим тэрбум доллар шаардлагатай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Онцгой байдлын улмаас хохирсон хүмүүс, дүрвэгсэд болон шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүст шаардлагатай тусламжийг хамгийн бага хэмжээгээр үзүүлэхэд хүмүүнлэгийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар 20 орчим тэрбум доллар шаардлагатай байна. Энэ тухай Кавказ, Төв Ази болон Украинд хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах НҮБ-ын бүс нутгийн газрын тэргүүн Марсель Вассен мэдээлжээ.
НҮБ-ын төлөөлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын боловсролын байгууллагуудын аврах албаны дарга нарын зөвлөгөөнд үг хэлсэн байна. Уг зөвлөгөөн ОХУ-ын нийслэл Москва хотод тус улсын Онцгой байдлын яамны Түймэртэй тэмцэх газрын баазад болж байгаа аж.
Дэлхий даяар шилжин суурьшигчдын тоо өнөөдрийг байдлаар 60 саяд хүрсэн бол дайны хөлд үрэгдэж, байгалийн гамшигт өртсөн нийт хүний тоо 100 саяд хүрсэн гэж Вассен тооцоолжээ.
“Мэдээж хэрэг үүнтэй маш олон асуудал холбоотой. Гэр бүлээ тэжээхийн тулд энэ хүмүүст өдөр бүр мөнгө хэрэгтэй байгаа. Асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байна. 2004 онд хамгийн их тулгамдсан хүмүүнлэгийн хэрэгцээг хангахад 3 тэрбум орчим шаардагдаж байсан. Үүнээс хойш энэ тоо 430 хувиар өсч, одоо 20 орчим тэрбум доллар шаардлагатай байна. Энэ тоо өдрөөс өдөрт өсч байна” гэж НҮБ-ын төлөөлөгч хэлжээ.
Энэ нь зөвхөн хамгийн тулгамдсан хэрэгцээ болох хоол хүнс, эрүүл мэнд, түр орон сууц, “хүмүүс гадаа гудамжинд бус ядаж майхан хуаранд амьдрах“ нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай мөнгө болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Хүмүүнлэгийн байгууллагууд дангаар ийм өргөн хүрээнд тусламж үзүүлэх чадваргүй учраас НҮБ дэлхий даяар түншүүдтэйгээ, түүний дотор “хувийн хэвшлийнхэнтэй” хамтран ажилладаг.
“Тусламж үзүүлэхэд шаардлагатай байгаа 20 тэрбум доллар одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн орнууд болон хувийн салбарынхны хандивладаг хөрөнгө мөнгөний 60 хувьтай тэнцэж байна. Харамсалтай нь хэнд түрүүлж туслах вэ гэдэг шийдвэр гаргах үед хөрөнгө мөнгө хүрэлцдэггүй” гэж Вассен хэлжээ.
Д.Жаргал