Айрагдсан бүх морьдыг хурдан удмын даагаар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-08 20:58:43
Увс/МОНЦАМЭ/ Увс аймгийн “Зүүн бүсийн хурд -2017” хурдан морины уралдаан энэ сарын 3-нд Баруунтуруун суманд болж өнгөрлөө. Энэхүү уралдааныг Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Унаган хурд” уяачдын холбооноос 5 жилийнхээ ойг тохиолдуулан аймгийн “Увсын хурд” морин спорт уяачдын холбоотой хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр зургаан насны айрагдсан 30 морийг даагаар байлснаас гадна хүчит 32 бөхийн барилдаан болсон юм. Тус барилдаанд аймгийн харцага Гантулга түрүүлж, аймгийн арслан Б.Бадарч үзүүрлэн, аймгийн заан Г.Батбаяр, сумын заан Г.Болдхүү нар шөвгөрсөн бөгөөд үзүүр, түрүүний бөхчүүд даагаар, шөвгөрсөн бөхчүүдийг 150 мянган төгрөгөөр, шөвгийн наймд үлдсэн бөхчүүдийг эр хониор мялаалаа. Их насны морьдын уралдаанд Өлгий сумын З.Дэндэвийн хонгор түрүүлж, Баруунтуруун сумын Мэндбаярын саарал, Завхан сумын Бат-Очирын хонгор, Малчин сумын Бат-Очирын зээрд, Зүүнговь сумын Баяраагийн хээр айрагдлаа. Азарганд Баруунтуруун сумын Идэрмөнхийн хүрэн, Завхан аймгийн Баянтэс сумын Жаргалсайханы хүрэн, Наранбулаг сумын Батнямын сартай хүрэн, Өндөрхангай сумын Алтангэрэлийн хүрэн, Баруунтуруун сумын Батзулын хүрэн айрагдаж, соёолонд Наранбулаг сумын Цогт-Очирын хүрэн, Зүүнговь сумын Норовсамбуугийн хонгор, Хөхөөгийн шар хээр, Ховд сумын Алтаны сартай зээрд, Баруунтуруун сумын Сэржээгийн халиун айргийн таваар давхисан юм.
Хязааланд Өлгий сумын Дэндэвийн буган халтар, Баянжаргалын хүрэн, Баттогтохын хонгор, Тэс сумын Б.Замбалын тожин бор, Баруунтуруун сумын Энэбишийн хээр, шүдлэнд Өлгий сумын Бямбажавын хүрэн, Завхан аймгийн Тэс сумын Чинбатын хүрэн, Өлгий сумын Дэндэвийн саарал, Тэс сумын Замбалын буурал, Завхан сумын Даваажавын саарал тус тус айрагдлаа. Дааганд Өлгий сумын Бархасбодийн хээр, Баруунтуруун сумын Х.Сэржээгийн саарал, Зүүнговь сумын Балдоржийн хонгор халзан, Өлгий сумын Бархасбодийн хээр, Баруунтуруун сумын С.Энх-Амгалангийн бор айрагдаж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн юм.
“Зүүн бүсийн хурд -2017” уралдааныг “Увсын хурд” Морин спорт уяачдын холбооноос томилогдсон Зүүн бүс хариуцсан дэд тэргүүн, аймгийн алдарт уяач Т.Болд, “Увсын хурд” Морин спорт уяачдын холбооны менежер Б.Замбал, бөх тайлбарлагч Д.Пүрэвжав нар Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн унаган хурд галтай хамтран зохион байгууллаа.
Б.Замбал
Холбоотой мэдээ