Йеменд булчин задрах тахлын 100 мянган тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-06-09 12:54:05
САНАА. /Reuters/. Дайны хөлд нэрвэгдээд байгаа Йемен улсад анх 4 дүгээр сарын 27-нд булчин задрах өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо 100 мянга хол давсан байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

Иргэний дайн эхэлснээс хойш 2 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд ихэнх эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагууд ажиллагаагүй болсон байна. Йемены засаг захиргааны 23 нэгжийн 19-д нь уг өвчин хурдацтай тархаснаар хүмүүнлэгийн байгууллага маш хүнд байдалд ороод байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн албанаас мэдэгджээ.

Одоогийн байдлаар тухайн улсын 19 засаг захиргааны нэгжид булчин задрах өвчний 101 820 тохиолдол бүртгэгдэж, 789 хүн уг өвчнөөр нас барсан гэж ДЭМБ-ын төлөөлөгч Тарик Жасеревик хэлсэн байна. 

Уг өвчнөөр өвчлөгсдийн тоо 300 мянга хүрч болзошгүй байна, гэхдээ өмнөх долоо хоногт өвчлөгсдийн тоо 3 651 байсантай харьцуулахад 6 дугаар сарын 5 хүртэлх долоо хоногийн хугацаанд 3 432 болж бага зэрэг буурсан байна гэж ДЭМБ мэдэгдэлдээ дурджээ. 
Х.Сарнай 
 
Холбоотой мэдээ