Их Британийн Консерватив нам олонхийн байр сууриа бүрэн алдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-06-10 12:07:48
ЛОНДОН. /CNN/. Пүрэв гарагт болсон парламентын ээлжит бус сонгуулийн дүнгээр Их Британийн засгийн эрхийг барьж байсан Консерватив нам парламентын гол хүчин хэвээр үлдсэн боловч олонхийн байр сууриа бүрэн алдсан байна.

Санал тооллого  бүрэн дууссан байна. Парламент дахь 650 суудлаас 646 суудал нь бүрэн шийдэгдсэн бөгөөд Консерватив нам 315 суудал, харин сөрөг хүчний Хөдөлмөрийн нам 261 суудалтай болжээ. Шотландын Үндэсний нам 35, Либерал ардчилсан нам 12 суудал авсан байна. Урьдчилсан сонгуулиар 330 суудалтай байсан Консерватив намын авсан суудлын тоо ийнхүү огцом буурсан байна. Парламентад 326 суудал авсан тохиолдолд олонхийн байр сууриа хадгалж үлдэх ёстой ажээ. 

Их Британи улсын хувьд энэ сонгууль нь Дэлхийн II дайны төгсгөлөөс хойш үнэмлэхүй ялагч тодроогүй 3 дахь сонгууль болж байгаа юм. Консерватив нам нь одоо эвсэл байгуулах эсэх тал дээр шийдвэр гаргах хэрэгтэй болсон байна.

Ерөнхий сайд Тереза Мэй ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор намын үзүүлэлт ийм муу гарсан гэх шүүмжлэл өсөх магадлалтай байна. Мөн энэ сонгуулийн дүн Их Британи улс Европын Холбооноос гарах тухай гэрээ хэлэлцээрт нөлөө үзүүлж магадгүй юм. 

Х.Сарнай 
Холбоотой мэдээ