Иранд Америкийн бизнес эрхлэгчийг саатуулжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-30 13:40:08

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ираны эрх баригчид тус улсаас гаралтай Америкийн бизнес эрхлэгч Саимака Намазиг баривчилжээ. Түүнийг хоёр долоо хоног орчмын өмнө саатуулсан тухай “Wall Street Journal” сонинд пүрэв гарагт мэдээлсэн байна.

Тус сонин Иран болон бусад орны бизнес эрхлэгчдийн мэдээллийг  иш татан бичжээ.

Бизнес эрхлэгчдийн мэдээлснээр, “Crescent Petroleum” компанийн тэргүүн Намазиг баривчилж, Ираны “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-ийн /ЛХХК/ элит цэргийн анги нэгтгэлийн хяналтад байдаг төрийн компаниудын хэрэгт оролцсон хэргээр байцаасан байна.   

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод оршин суудаг тэрбээр төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар Тегеранд очжээ. Түүнийг Ираны шашны удирдагч аятолла Али Хаменеин шууд удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг ЛХХК-ын тагнуулын газрын ажилтнууд баривчилсан байна. Тус сонинд мэдээлж буйгаар, Намазигийн төрөл төрөгсдийн гэрт нэгжлэг хийж, түүний хувийн компьютерыг хураан авчээ. Түүний компьютерыг хураан авснаар тагнуулын ажилтнууд бизнес эрхлэгчийн цахим шууданд хадгалагдаж байгаа и-мэйл хаягуудыг эзэмшигчдийн эсрэг кибер хорлон сүйтгэх ажиллагаа явуулах боломж олгож байгаа юм.

Америкийн Нью-Йорк хотод НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгчөөс дээрх хэргийн талаар тайлбар өгөхийг хүсэн гэж “Wall Street Journal” сонинд бичсэн байна. Хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Харин Намазигийн гэр бүл Америкийн сонины мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ