Сонгогчдын ирц 51,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-26 18:20:57
Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Увс аймагт энэ өглөө орон нутгийн 6 цагт эхэлсэн юм. Аймгийн хэмжээнд 49368 сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа бөгөөд орон нутгийн 16 цагийн байдлаар 25231 сонгогч саналаа өгөөд байна. Энэ нь нийт сонгогчдын 51,1 хувь юм.
Малчин, Завхан, Цагаанхайрхан, Өлгий, Зүүнговь, Ховд сумдын сонгогчдын ирц 60-аас дээш хувьтай байгаа бол Улаангом, Тэс сумдын сонгогчдын ирц 41-45 хувьтай буюу хамгийн бага байна. Орон нутгийн 11 цагийн үед сонгуулийн ирц 24,8 хувьтай байсан юм. Хяргас сумын Булганхангай багт цахилгаан тасарсаныг мотор асааж санал хураалтын үйл явцыг хэвийн байдалд шилжүүлсэн байна.
“Увс аймагт цаг агаар тогтуун сайхан байгаа бөгөөд одоогоор бүх хэсэг дээр санал хураалт хуулийн хүрээнд хэвийн явагдаж байна” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Дашзэвэг манайд мэдээллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ