Н.Мөнхшүр, Н.Энхшүр: Ой тогтоолтоор 6 сар хичээллээд Дэлхийн аварга болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
mn_tuul@montsame.mn
2017-07-31 12:41:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 22, 23-нд болсон Монголын Оюун ухааны академийн дэргэдэх клубуудын халз тулааныг тэргүүлсэн Н.Мөнхшүр, Н.Энхшүр нартай ярилцлаа. Эдгээр ихэр охид нь 2016 оны Ой тогтоолтын Дэлхийн аварга, Олон улсын их мастер, Дэлхийн чансааны 6 болон 8 дугаар байрын тамирчид юм.

-Та хоёрыг оюун ухааны спортоор амжилттай яваа гэж сонссон. Хэзээнээс оюун ухааны академид суралцсан бэ? Анх хэн та хоёрыг энэ спортод хөтлөв?

Н.Энхшүр: -Бид хоёр өнгөрсөн онд 12 дугаар ангиа төгссөн. Ингээд ой тогтоолтын спортоор хичээллэх цаг завтай болсон. Хамгийн их нөлөөлсөн хүн бол Монголын Оюун ухааны академийн багш Х.Хатанбаатар юм. Х.Хатанбаатар багш маань ой тогтоолтын спортыг Монголд анх дэлгэрүүлж, маш олон хүүхдийг энэ спортод элэгтэй болгож, өөрөө өөрийгөө сориход нь тусалж байгаа ачтан. Бид хоёрын гарын багш бол олон улсын хэмжээний  их мастер, Азийн аварга Ө.Сэнгэсамдан юм. Багш маань бид хоёрт, “Та хоёрын одоогийн үзүүлэлт гайхалтай байна. Гэхдээ үүнээс илүү хичээх хэрэгтэй” хэмээн захиж байсан. Багшийнхаа хэлсэн энэ үгэнд урамшаад өнгөрсөн оны 12 дугаар сард Сингапурт болсон 25 дахь удаагийн  Дэлхийн аваргад оролцсон. Тэр үед бид хоёр 17 настай байсан болохоор дунд насанд өрсөлдөх сүүлийн жил байлаа. Тэгээд тэмцээндээ амжилттай оролцож, Өсвөрийн дэлхийн аварга,ой тогтоолтын олон улсын их мастер  болсон. Тус тэмцээнд манай улсаас 20 тамирчин оролцож, багаараа  25 медальтай ирсэн.

-Та хоёрыг их багаасаа хичээллэсэн гэж ойлгосон ш дээ?

Н.Мөнхшүр:- Ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсний нэг жилийн ой өнөөдөр болж байна. Өнгөрсөн оны 7 дугаар сарын 25-нд энэ спортоор хичээллэж эхлээд 6 сарын дараа Дэлхийн аваргын тэмцээнд  оролцоод, Өсвөрийн дэлхийн аварга болж, хоёулаа олон улсын  их мастер болсон. Мөн дэлхийн нэг, нэг рекордыг эвдсэн.

-Ямар рекордыг эвдсэн бэ? Өмнөх рекордыг аль улсын тамирчин эзэмшиж байв?

Н.Энхшүр: -Миний хувьд 5 минутад дэлхийн түүхэн үйл явдлыг он сартай нь цээжилдэг тэмцээнд 88 түүхэн үйл явдлыг цээжилж, дэлхийн рекордыг эвдсэн. Миний эвдсэн рекордыг Германы өсвөр насны тамирчин эзэмшиж байсан юм билээ. Тэр хүүхэд 2013 онд таван минутад 80 үйл явдал цээжилж дэлхийн рекордыг эзэмшсэн. Би түүнээс 8 үйл явдал илүү цээжилснээрээ дэлхийн рекордыг шинэчилсэн. 

Н.Мөнхшүр: -Нэг цагт олон багц хөзөр цээжилдэг төрөл байдаг. Тэр тэмцээнд би 30 багц буюу 1560  хөзрийг алдаагүй цээжлэн дэлхийн рекордын эвдсэн. Энэ рекордыг өмнө нь Монголын өсвөрийн тамирчин Пүрэвжав нэг цагт 22 багц хөзөр цээжилж шинэчилсэн байсан.



-Та хоёр яаж ийм богинохон хугацаанд ийм том амжилт үзүүлэв. Их багаасаа хичээллэж байж өндөр амжилт гаргадаг спорт юм байна гэж ойлгодог болохоор их гайхалтай санагдаж байна?

Н.Энхшүр: -Бид хоёр багадаа энэ спортын талаар телевизээр л үздэг байсан. Тухайн үед хичээллэх юмсан гэсэн хүсэл их байсан ч урлагаар хичээллэдэг байсан учир цаг зав бага байлаа. Дунд сургууль төгссөний дараа хоёул зориглоод энэ спортоор хичээллэж үзье гэж шийдсэн. Маш их таалагдсан учир тамирчин болох гараагаа эхэлсэн. Хүмүүс яаж ийм богино хугацаанд хэрхэн дэлхийн аварга болов, яаж рекорд эвдэв гэж их асуудаг. Хүн дуртай сонирхолтой зүйлдээ цаг зав гаргаж чаддаг юм байна гэдгийг үүгээр ойлгосон. Хамгийн бахархалтай зүйл маань гэвэл 6 сар хичээллээд хоёулаа Дэлхийн ой тогтоолтын холбооноос олгодог олон улсын хэмжээний их мастерын болзлыг хангасан. Энэ болзлыг 6000-аас дээш оноо авсан тамиирчинд олгодог юм.

-Ер нь медалиа тоолж үзсэн үү?

Н.Мөнхшүр: -Тоолоогүй юм байна. Одоогийн байдлаар Дэлхийн аваргын тэмцээн (2016 оны 12 дугаар сарын 14-18), Солонгосын ой тогтоолтын нээлттэй тэмцээн (2017 оны 2 дугаар сарын 17-18), Улсын аварга шалгаруулах тэмцээн (2017 оны 4 дүгээр сарын 18-19), Оюун ухааны академийн дэргэдэх клубүүдийн хоорондох ой тогтоолтын халз тэмцээн (2017 оны 7 дугаар сарын 22-23) зэрэгт оролцоод байна.

-Аль нэг улсаас манай нэр дээрх тамирчин болооч гэсэн санал ирж байв уу?

Н.Энхшүр: -Ирж байгаагүй. Гэхдээ хятадын тамирчдаас “Нууцаа хуваалцаач” гэж хандаж байсан. Бид хоёр “Нэг л стандарттай. Тэр стандартаараа суралцсан” гэхээр тэд “Үгүй ээ, та нарт нэг нууц байна” гээд байдаг юм.

-Монгол хүүхдүүд ой тогтоолтоор яагаад ийм өндөр амжилт үзүүлээд байна вэ. Ёстой урд хөршийн тамирчдын асуудаг шиг нууц нь юундаа байна вэ?

Н.Мөнхшүр: -Монгол хүний ген л гэж хэлнэ дээ. Тэмцээний болоод бэлтгэлийн үеийг харахад бусад орны тамирчид өглөөнөөс орой хүртэл ажлаа хийж байгаа юм шиг тасралтгүй бэлддэг. Манай тамирчдыг болохоор ажил хичээлийнхээ хажуугаар бэлддэг хэрнээ үр дүн нь хамаагүй өндөр байдаг.



-Ой тогтоолтын спортоор хичээллэх хэдэн шат байдаг вэ?

Н.Энхшүр: - Монголын Оюун ухааны академийн о тогтоолтын сургалт нь Super memory 1, 2, 3 гэсэн  3 үе  шаттай. Бидний хувьд анх Х.Хатанбаатар багшийн ой тогтоолтод суралцах аргачлалын 5 хоногийн лекцэнд, дараа нь Ө.Сэнгэсамдан багшийн насанд хүрэгчдэд зориулсан 9 хоногийн сургалтанд суусан. Түүний дараа шууд Улсын аваргад оролцож байсан. Ингээд 10 төрөлдөө шууд бэлдээд явчихсан.

-Тэгэхээр ой тогтоолтын тэмцээн 10 төрөлтэй байдаг гэсэн үг үү?

Н.Мөнхшүр: -Тийм ээ. Ө.Сэнгээ багш маань анх 7-8 төрлийг нь зааж байсан. Тэгээд түүн дээрээ суурилаад үргэлжлүүлэн суралцсан. Зарим гадны орны тамирчдыг харахад 1-2 төрөлдөө гоц сайн, тэр амжилтаа ахиулаад явдаг тамирчид байдаг юм билээ.

-Энэ спортоор хичээллэснээр та хоёрт ямар өгөөжтэй байв. Медалийн тухайд асуусан юм биш шүү?

Н.Энхшүр: -Бид хоёр өмнө нь урлагаар хичээллэж байсан гэж түрүүнд ярьсан даа. Спортоор хичээллэснээр дэлхийд  өрсөлдөх боломж олдсон. Мөн өөрөө өөрийгөө ялан дийлэхийн төлөө суралцаж,  өөртөө маш их итгэлтэй болсон. Ер нь бол зорилгоо томоор харах болсон.

-Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцов. Дараагийн тэмцээндээ бэлдэж байна уу ?

Н.Энхшүр: -Энэ сарын 22, 23-д Монголын Оюун ухааны академийн дэргэдэх клубуудын шилдэг 20 тамирчны халз тулаанд оролцсон. Тэмцээнд Н.Мөнхшүр тэргүүн байр эзэлж, Монголын шилдэг тамирчин болсон. Миний хувьд нэг минутад 28 хүний нэр, зүс царайг алдаагүй цээжилж, рекорд эвдсэний зэрэгцээ шилдэг зургаад үлдсэн. Ирэх сард Хонконгод ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэр тэмцээнд бэлдэж байна.

-Ой тогтоолтын спорт бусдаасаа арай онцлогтой. Стресс ядаргаагаа хэрхэн тайлдаг вэ?

Н.Мөнхшүр: -Аливаа спорт  хүч, хөдөлмөр их шаарддаг учраас мэдээж ядарна. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа болохоор тэр бүр нэг их ядраад байдаггүй. Дуулж, бүжиглэх, зураг зурах гэх мэтээр тархиа амраадаг.

-Та хоёр энэ намар Бээжин рүү сурахаар явах юм байна.  Оюутан болсон ч тэмцээн уралдаандаа оролцсоор байх уу?

Н.Энхшүр: -Оролцоно гэж төлөвлөж байгаа. Хичээл ном, бэлтгэл сургуулилтаа зохицуулна.



-Уралдаан тэмцээнд оролцох зардлаа хэрхэн шийддэг вэ?

Н.Мөнхшүр: -Одоогоор улсаас дэмжсэн зүйл байхгүй. Гэрийнхэн маань зардал мөнгө гаргаж, тэмцээнд оролцуулдаг. Харин Солонгосын нээлттэй тэмцээнд оролцсоны дараа  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай баг тамирчдыг  хүлэээн авч уулзаад дэмжихээ илэрхийлсэн.

-Үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?

Н.Энхшүр: -Сурахад оройтохгүй шүү , тууштай байж хичээгээрэй.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ