Шүдний амбулаторийн ачаалал огцом нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 01:41:11
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь БОЭТ-ийн Шүдний амбулаторид эмчлүүлэгсдийн тоо огцом нэмэгджээ. Учир нь иргэдийн дунд шүдний цооролт өндөр, түүнчлэн сурагчид зуны амралтаараа шүдээ эмчлүүлэх гэж эмнэлэгт хандах нь элбэг байна. Өнөөдөр л гэхэд 105 хүнд шүдний эмчилгээний дугаар олгосны 40 гаруй хувь нь 10 хүртэлх насныхан байв.  
Одоогийн байдлаар амбулаторид шүдний эмчилгээний таван машиныг тогтмол ажиллуулан иргэдэд үйлчилж байгаа юм.
Шүдний эмчилгээ нь чимхлүүр ажил ихтэй учир нэг эмч өдөрт дунджаар 21 хүн үзэж эмчлэх боломжтой байдаг. Удахгүй БОЭТ пэйж хуудсаараа дамжуулан шүдний эмчилгээг цаашид хэрхэн сайжруулах, хүртээжтэй болгох талаар иргэдийн санал хүсэлтийг авахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн сард БОЭТ-д хүүхдийн шүдний кабинетийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тохижуулж өгснөөр хүүхдүүд шаардлагад нийцсэн орчинд үйлчлүүлж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ