Дорнодын чиглэлд төв зам дагуу эмнэлэг, онцгой, цагдаагийнхны хамтарсан пост байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дорнод аймагт ажиллаж, салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзлаа. Тус аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын харьяа зарим агентлаг өөрийн гэсэн байргүйгээ энэ үеэр сайдад уламжилсан юм. Тухайлбал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архив, Шүүхийн шинжилгээний алба нь бусад албан газрын байранд суудаг бол Гадаадын иргэн харьяатын газар оюутны дотуур байранд байрлаж байна.
Уг нь Дорнод аймгийн ЗДТГ-ын шинэ барилга ашиглалтад орвол дээрх асуудал шийдэгдэх боломжтой ч одоогоор хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дутсанаас барилгын ажил зогсчээ.
Энэ асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгнө гэдгээ ХЗДХ-ийн сайд хэлсэн. Түүнчлэн орон нутгийн замд хурд хэтрүүлэх, малын хулгайн хэрэг багагүй үйлдэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд авто замын магистрал шугамын дагуу эмнэлэг, онцгой, цагдаагийнхны хамтарсан пост байгуулж ажиллахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.
Д.Дэлгэрмаа