Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн “Спорт цогцолбор”-той болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-08-04 12:27:29
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт 21 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдахаар төлөвлөгдсөн “Спорт цогцолбор”-ын барилгын ажил 2011 онд эхэлсэн ч 2014 онд хөрөнгө оруулалт нь зогсож царцаагдсан барилгын тоонд ороод байсан.  Харин  1.5 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт суулгаснаар төсөл үргэлжлэх боломжтой болсон юм. Одоогоор барилгын ажлын явц 55 хувьтай байна. 2019 он гэхэд уг барилгыг ашиглалтад оруулахын тулд  үлдсэн 8 тэрбум төгрөгийг ирэх онд яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон БСШУС-ын яамны холбогдох албаны хүмүүсийг аймаг орон нутагт ажиллах үеэр танилцуулжээ.
Шинээр баригдаж байгаа “Спорт цогцолбор” нь нийт 20.000 м2 талбайтай бөгөөд 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн 5 зам бүхий 25 метр урттай усан бассейн, тамирчдын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөөтэй байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимуудтай байх аж. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхим ч багтах юм байна. Ийм хэмжээний хүчин чадалтай цогцолбортой болсноор улсын болон олон улсын чанартай спортын бүх төрлийн уралдаан тэмцээнийг аймаг орон нутагтаа зохион байгуулах бүрэн боломж нээгдэх юм.   
Өнөөдрийн хувьд 100 гаруй мянган хүн амтай Дархан-Уул аймаг 1964 онд ашиглалтад орсон 600-800 хүний багтаамжтай спортын ганц ордонтой. Аймгийн хэмжээнд спортын  22 төрлийн дугуйлан секц хичээллэдэг ч заалны багтаамж, тоног төхөөрөмжийн хангамж зэрэг тулгамдсан олон асуудлаас шалтгаалан сагс, гар бөмбөг, софт теннис, үндэсний бөх гэсэн 4 төрлийн дугуйлан л өглөө 05:30 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл спортын ордны зааланд хичээллэж байна. Харин бусад төрлүүд клубын зохион байгуулалтаар гадуур хичээллэдэг бөгөөд байгууллагуудын заал талбайг өндөр үнээр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс хүчний, тулааны, уран гиминастик, гандвол, фут заалны хөл бөмбөг, усанд сэлэлт гээд бусад олон төрлүүдээр хичээллэх боломж хүүхэд залуус, спорт сонирхогчдод хүртээмжтэй биш байгаа юм.
Ж.Золзаяа
 
 
 
 
Холбоотой мэдээ