Тайваний эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-04 12:30:36
Увс /МОНЦАМЭ/ Өмнөд Энэтхэгт суралцаж буй Увс аймгийн Тэс сумын харъяат Гэжээгийн Дүгэрсүрэн ламын санаачлагаар Увс аймагт Тайваны “Фү-Чи” сангийн эмч, мэргэжилтнүүд ирж ажиллаж байна. Тэд өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд Улаангом сумын ард иргэдэд хүүхэд, яаралтай тусламж, дотор, уламжлалт анагаах ухаан, зүрх судасны чиглэлээр нийт 1100 гаруй хүнд үнэ төлбөргүйгээр эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.
Харин дараа нь буюу энэ сарын 1-2-нд Тэс суманд ажиллаж тус сумын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Одоогоор Тайваны эмч нар Баруунтуруун сумын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд маргаашнаас нутгийн зүг буцах юм байна. Тус сангийн төлөөлөл аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбаттай уулзаж сангийнхаа үйл ажиллагаа болон ирсэн зорилго, хийсэн үйл ажиллагаагаа товч танилцуулжээ. Цаашид жил бүр тус сангаас орон нутгийн онцлох өвчлөлтийн байдалд суурилсан эмчилгээ оношлогоо явуулахаар болсон байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ