Умард Солонгос Сөүлийн саналаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-07 14:05:53
МАНИЛА. /Yonhap/. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кюн Хатай уулзсан бөгөөд хоёр талын харилцааг сайжруулах зорилгоор яриа хэлэлцээ хийх Сөүлийн санал санаачилгуудаас татгалзсан гэж өнөөдөр Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Филиппиний нийслэл Манила хотноо болж буй АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооны Гадаад хэргийн сайд нарын 50 дахь удаагийн уулзалтын үеэр өчигдөр хоёр Солонгосын сайд нар “хальт” уулзжээ.
 
Хоёр улсын хил орчмын хурцадмал байдлыг намжаахын тулд цэрэг армийнхны дунд яриа хэлэлцээ хийх, 1950-1953 онд болсон Солонгосын дайны улмаас хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахын тулд мөн хэлэлцээ хийх саналуудыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн сард Пхеньянд тавьсан юм. Гэвч Пхеньян эдгээр саналд хариу өгөөгүй байсан билээ.
 
Харин өчигдрийн уулзалтын үеэр Умард Солонгосын Гадаад хэргийн сайд хэлэхдээ “Сөүлийн саналуудад “чин сэтгэл дутмаг” байгаа учир манай тал яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байна” гэж хэлжээ.
 
Өнгөрсөн сард баллистик пуужингууд харвасных нь хариуд Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнууд уржигдар буюу бямба гарагт санал нэгтэйгээр баталсан юм.

Шинэ тогтоолоор  “Умард Солонгосоос нүүрс, төмөр, төмрийн хүдэр, хар тугалга болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүд импортлох”-ыг бүрэн хориглосон байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ