Улсын мэргэн Б.Баярчимэгийн цолны мялаалга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-25 11:41:29
Дорнод /МОНЦАМЭ/. Үндэсний сур харваа, Буриад сурын харваанд тэргүүлж Монгол Улсын Мэргэн цол хүртсэн Дорнод аймгийн Цагаан-овоо сумын уугуул Батбаярын Баярчимэгийн цолны мялаалга харваа өчигдөр боллоо.

Мялаалга харваанд улс аймгийн цолтой 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж, Аймгийн сурын холбооны тэргүүн, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Б.Баярчимэгийн өвөө Улсын мэргэн Д.Игор зэрэг олон хүндэт зочид уригдан оролцлоо. Улсын баяр наадамд спортын мастер Б.Баярчимэг нь 40 сумнаас 34 онож, улсын мэргэн цолны болзол хангасан юм. Тэрээр 2009 оноос хойш улсын наадамд оролцож байгаа бөгөөд  анхны медалиа хүртэхдээ хоёр төрөлд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн. Сонирхуулахад, ийнхүү хоёр төрөлд зэрэг түрүүлсэн анхны тохиолдол болж байгаа аж.



Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар тус аймаг нь бүх сумдаа сурын харвааг зохион байгуулсан анхдагч аймаг болж, Монголын үндэсний сурын холбооноос талархал гардаж байсан билээ. Сум бүрийг сургалтын нум, бусад хэрэгсэлтэй болгосноор орон нутагт сурын спорт жигд хүртээмжтэй хөгжиж, уралдаан тэмцээнд Дорнодын сурчид амжилт гаргах болсны томоохон жишээ энэ юм.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ