Боловсрол, Эрүүл мэндийн салбарт хяналт тавих сарын аян эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-08-25 16:04:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдрөөс буюу энэ сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд улсын хэмжээнд зохион явуулахаар шийдвэрлэжээ.

Аяны хүрээнд хичээлийн шинэ жил, хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангах, үр хөндөлтийг бууруулах, хууль бус үр хөндөлттэй тэмцэх, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, эмнэлэг, арьс салст үйлчилгээ бүхий гоо сайхны газруудын халдвар хамгааллын дэглэмийг хангуулах чиглэлээр ажиллах юм. Мөн хүн амын ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын бүс дэглэмийн байдал, зөөврийн ус хангамжийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр ажиллана.
 
Эдгээр ажлын хүрээнд иргэд, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллагуудад эрсдэлээс сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, мэдлэг мэдээлэл олгох ажил хийхээр болжээ.



2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэгт  252 мянга 753 хүүхэд суралцах бөгөөд энэ нь өмнөх оноос 9321 хүүхдээр нэмэгджээ. Ерөнхий боловсролын 778 сургуульд 560 гаруй мянган сурагч, нийт 95 их, дээд сургуульд 150 гаруй мянган оюутан суралцана гэсэн мэдээ байна. Шинээр ерөнхий боловсролын 21 сургууль, 19 цэцэрлэг 2018 ондоо багтаж ашиглалтад орох юм.
Хичээлийн шинэ жилд хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангах талаар сарын аяны хүрээнд МХЕГ-аас баталсан 01/93 тоот удирдамжийн хүрээнд ЕБС, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийнэ.
Мөн бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, дотоод хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн, дотуур байрны багш, эмч тогооч нарт удирдлага зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, орчны  болон хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр сургалт зохион байгуулж, эцэг эх, олон нийтийн оролцоог хангаж ажиллахаар төлөвлөөд байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ