Арилжааны банкуудад PWC аудитын компани үнэлгээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-25 17:06:40
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээг  PWC аудитын компанийн Чех улс дахь салбар шалгарсан тухай Монголбанкнаас мэдээллээ.

 Активын чанарын үнэлгээ хийх компанийг ОУВС-аас тавьсан шаардлага болон Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулсан хэмээн Төвбанкны Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан  мэдэгдэв.PWC аудитын компани нь  Активын чанарын үнэлгээ хийдэг дэлхийн 4 компанийн нэг бөгөөд ОУВС-гаас тавьсан бүх үзүүлэлтийг хангаснаар тендерт шалгарчээ.   
Ингэснээр PWC аудитын компани нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгчээс бүрдсэн, Актив болон барьцаа хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багийг бүрдүүлсний дээр үнэлгээний үе шат бүрийг Монголбанк, ОУВС-д тайлагнах үүрэг хүлээж, ажлаа эхлүүлжээ. 

Үнэлгээний дүн гурван сарын дараа гарах юм байна.

Активын чанарын үнэлгээг хийх нь санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох зорилготой. Үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэх хариу арга хэмжээ буюу бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг өргөн хүрээнд авч хэрэгжүүлснээр бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулж, харилцагчид, хөрөнгө оруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, гадаад өрийн дарамт буурах боломж бүрдэнэ хэмээн Төвбанкны удирдлагууд онцлов.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ