Багш нар улирлын үр дүнгийн урамшууллыг бүрэн олгохыг шаардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-28 12:54:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоол /Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох/ Дархан-Уул аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжихгүй байна гэж үзэн багш нар энэ сарын 25-ны баасан гарагт жагсаал зохион байгуулав.

Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар 2017 оны I, II улирлын үр дүнгийн урамшууллын мөнгийг дутуу олгогдсон талаархи асуудлыг 2017 оны 5 дугаар сараас эхлэн ҮЭ-ийн хороодоороо дамжуулан аймаг, салбарын холбогдох байгууллагууд, хэлтэс, газруудад удаа дараа тавьсан боловч төсөв, санхүүжилт байхгүй гэсэн ганцхан тайлбарыг сонссоор өнөөдрийг хүрчээ.
2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Боловсролын байгууллагын багш, ажилтнуудын төлөөлөл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатартай уулзаж дээрх асуудлыг танилцуулахад яамнаас ерөнхий боловсролын сургуулиудын цалингийн санг 2016 онтой харьцуулахад  922,098,5 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн баталсан бөгөөд тухайн оны төсөвт цалин хөлсийг бууруулах ямар нэгэн чиглэл яамнаас өгөөгүй гэсэн хариуг ирүүлсэн аж.
Дээрх асуудлыг удаа дараа холбогдох яам, газар хэлтсүүд, албан тушаалтнуудад зохих ёсоор тавьж байсан боловч шат шатандаа асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр байгаа бөгөөд цалин, хөлс нэмэгдүүлэх бүү хэл бодит орлогыг хассан явдалд багш, ажилтнууд бухимдалтай байгаа юм. Иймд энэ сарын 24-нд болсон нийт багш нарын цуглаанаас дараах шаардлагыг гарган аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Насанбат, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар нарт хүргүүлээд байна.

Үүнд:

1. Дархан-Уул аймгийн ЕБС-ийн багш нарын 2017 оны 1,2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг Засгийн Газрын 393 дугаар тогтоолд заасны дагуу 30-45 хувиар тооцож 9 дүгээр сарын 01-ний дотор бүрэн олгуулах
2. Улирлын үр дүнгийн урамшууллыг дутуу олгосноос багш нарын ээлжийн амралтын олговрыг бодоход гарсан зөрүүг мөн тооцож нөхөн олгуулахыг шаардаж байна.

Эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын ажил хаялт зохион байгуулагдахад хүрч байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шаардлагын хариуг 2017 оны 08 дугаар сарын 28-ны дотор ирүүлэхийг мэдэгдье гэжээ.

Ж.Золзаяа

Холбоотой мэдээ