Америкчуудын дийлэнх нь Обамагийн гадаад бодлогыг дэмжихгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гадаад бодлогын салбарт зорилтоо биелүүлж чадахгүй байгаа бөгөөд террорист “Лалын улс” бүлэглэлтэй үр дүнгүй тэмцэж байна гэж тус улсын иргэдийн дийлэнх нь үзэж байгааг “AP” агентлагийн захиалгаар “GfK” социологийн компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгын дүнг пүрэв гарагт нийтэлсэн байна.
Цагаан ордны тэргүүний гадаад бодлогыг санал асуулгад оролцогсдын ердөө 40 хувь нь дэмжсэн бол 58 хувь нь Обамагийн энэ салбарт явуулж буй ажлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Харин 2 хувь нь энэ асуултад тодорхой хариулт өгөөгүй байна.
Обама Ирак, Сирид “Лалын улс”-тай маш муу тэмцэж байна гэж иргэд үзэж байгааг судлаачид онцлон дурджээ. Санал асуулгад оролцогсдын ердөө 38 хувь нь Америкийн удирдагчийн энэ чиглэлд хийж буй алхмуудыг сайшаан дэмжиж байгаагаа мэдэгдсэн бол Обамагийн ажлыг 61 хувь нь дэмжихгүй байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, Вашингтоны эрх баригчид терроризмтой тэмцэх олон улсын эвсэл байгуулснаа 2014 оны сүүлээр мэдэгдсэнээс хойш тус бүлэглэлтэй Обама хэрхэн тэмцэж байгаа талаарх олон нийтийн санаа бодол тогтмол сөрөг хандлага руу өөрчлөгдсөн байна.
Үүний сацуу, санал асуулгад оролцогсдын 65 хувь нь “Лалын улс” “онц ноцтой аюул учруулж байна” гэж үзэж байгаа бол 20 хувь нь уг бүлэглэлийг “дунд зэргийн аюултай” гэжээ. Харин ердөө 14 хувь нь “тийм ч их эсвэл төдийлөн ноцтой аюул” учруулахгүй гэж үзэж байна.
Энэ оны 10 дугаар сарын 15-19-ны хооронд явуулсан санал асуулгад АНУ-ын насанд хүрсэн 1027 оршин суугч оролцжээ.
Д.Жаргал