Флоридад конфедератуудын нэрээр нэрлэсэн гурван гудамжны нэрийг өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-31 16:45:21
НЬЮ-ЙОРК./TASS/. Флорид муж улсын Холливудын хотын зөвлөл АНУ-ын 1861-1865-ны иргэний дайны үеийн өмнөдийн армийн генерал Натан Бедфорд Форрест, Жон Белл Худ, Роберт Эдвард Ли нарын нэрээр нэрлэсэн гурван гудамжны нэрийг өөрчлөн нэрлэх шийдвэрийг олонхиороо гаргажээ. Энэ тухай лхагва гарагт “The Miami Herald” сонинд мэдээлжээ.

“Бид үзэн ядах үзлийг дэмжихгүй. Мөн бид үзэн ядалтын бэлэг тэмдгийг дэмжихгүй. Нэг хүнд зовлон учруулж байгаа тэр зүйл намайг мөн бид бүгдийг зовоож байх ёстой” хэмээн санал хураалтын дүнгийн талаар тус хотын дарга Жош Леви тайлбар өгөхдөө хэлжээ.

Тус сонинд мэдээлснээр, хотын идэвхтнүүд дээрх гудамжнуудын нэрийг өөрчлөхийг бараг арваад жилийн турш шаардаж байгаа ч тус хотын цөөнгүй оршин суугчид “зарим шалтгааны” улмаас дэмждэггүй байжээ. Өөрчлөгдөн нэрлэгдэх гудмууд ямар нэртэй болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.

АНУ-ын 1861-1865 оны иргэний дайнд өмнөд мужуудын холбооны талд байлдаж байсан хүмүүст зориулсан хөшөөг буулгах өргөн цар хүрээтэй тэмцэл АНУ-д өрнөж буйтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.  
О.Барс 
Холбоотой мэдээ