Л.Наранбаатар:Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр замаа элдэв улс төржилгүй хурдан баримаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunzaya@montsame.mn
2017-09-08 15:11:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Coal Mongolia-2017” олон улсын чуулга уулзалт  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нүүрсний тээвэр, ложистик, хил гаалийн нэвтрэх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Мөн Хятадын хуурай нүүрс баяжуулалтын технологийн хэрэглээ болон монголын нүүрсний салбарт хэрэгжиж буй төслийн танилцуулгуудыг хийж буй юм. Энэ удаагийн чуулга уулзалтын талаар “Coal Mongolia”  олон улсын чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч, Минфо ХКК-ийн ерөнхий захирал Л.Наранбаатартай ярилцлаа.

-“Coal Mongolia-2017” олон улсын чуулга уулзалт  өмнөх жилүүдээс өргөн хүрээтэй болж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөнөөр Монгол Улс өмнөх жилүүдэд байгаагүй экспорт хийсэн гээд сэргэлт ирж буйг төлөөлөгчдийн оролцооноос харж болохоор байна. Чуулганаас гарч буй гол шийдэл юу вэ?

-Түүхий нүүрс борлуулахаас илүүтэй баяжуулсан нүүрс экспортлох нь ашигтай гэдгийг хувийн хэвшлийнхэн харж эхэллээ. Өнөөдөр нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг унагах гол хүчин зүйл нь түүхий нүүрсний асуудал. Тиймээс Бизнес эрхлэгчдийн хувьд түүхий нүүрс зарах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэдгийг ойлгосон учраас хувийн хэвшлийнхэн дор хаяж 4-5 баяжуулах үйлдвэр барих асуудалд төвлөрч эхнээсээ ТЭЗҮ боловсруулан барилга байгууламжийнхаа ажлыг эхэллээ. Үүнийг төрөөс дэмжихийн тулд түүхий нүүрсийг борлуулахыг хориглох нь зүйтэй гэдэгт нүүрсний компаниуд нэгдэж байна. Эсвэл түүхий нүүрсэнд өндөр хэмжээний татвар оногдуулах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрч төр засагт уриалга хүргүүлэхээр болов. Үүнийг үйлдвэр эрхлэгчид өөрсдөө тавьж буй нь зүй ёсны эрүүл үзэгдэл гэж ойлгож байна.

-Нүүрсний салбарт баримталж буй төрийн бодлого төдийлөн хэрэгжихгүй байна гэж шүүмжилдэг. Энэ бодлогын хаана алдаа гараад байна вэ?

-Нүүрсний бодлого байгаа ч хэрэгжилт дээр хойрго байгаа нь үнэн. 2014 онд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлогодоо томоохон зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд үүний нэг нь нүүрсийг түүхийгээр нь борлуулахыг зогсоох асуудал байв.   Нүүрсээ нэмүү өртөг шингээж боловсруулаад 30 ам. доллараар бус 200 ам. доллараар борлуулах менежментийг хөхиүлэн дэмжье гэсэн чигтэй Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого гарсан шүү дээ. Мөн ашигт малтмалын тухай хуулинд нүүрсийг түүхийгээр нь борлуулахыг хориглосон заалт бий. Манай хувийн хэвшлийнхэн энэ бодлогыг маш сайн баримталж ирсэн. Харин Төрийн өмчит компанийнхан үүнд хайхрамжгүй хандаж байгаагаас үүдэлтэй зүйлүүд бий.

-Жил бүр нүүрсний тээвэрлэлтийн асуудлыг хөнддөг ч төдийлөн шийдэлд хүрэлгүй ирлээ. Харин энэ удаа тээвэрлэлтийн асуудалд ахиц гарах нь уу. Гашуун сухайт боомтоор нэвтэрч байгаа нүүрс тээвэрлэгч машинууд түгжирч, өдөрт  1500  машин гардаг байсан бол энэ тоо 600 болж буурсан гээд асуудлууд ар, араасаа хөвөрч байна?

-“Coal Mongolia” чуулганы түүхэнд Зам тээврийн яам  анхаарал хандуулж  нүүрсний тээврийн асуудлыг онцолж   байгаа нь нэг ахиц юм. Зам тээврийн дэд сайдын онцолж буйгаар нүүрс эцсийн   хэрэглэгчдэд очихдоо 80-95 хувь нь тээврийн зардал байдаг. Уурхайчид бидний бизнес гэсэн буруу ойлголттой явдгийг тэрээр онцолсон. Тэрээр нүүрсний борлуулалтын хувьд тээврийн бизнес голлож буй учир салбарын яам онцгойлон анхаарах ёстой. 150 км гацаа түгжрэл үүсээд буйг бүгдээрээ хэлэлцэх ёстой гэдгийг салбарын дэд сайд тодотгосон бөгөөд энэ асуудлыг шийдэх уриалга гаргахаар болсон. 21 хоногийн түгжрэлд орсон нүүрс тээвэрлэгч жолооч нар үнэхээр хүнд байдалд байна. Он гарснаас хойш энэ замд 20 гаруй хүн алтан амиа алдлаа.  Энэ бол зөвхөн энэ оны долоон сарын статистик. Өмнөх жилүүдэд хичнээн хүн бурханы оронд очсоныг хэн ч ярихгүй байна. Ер нь  бол чимээгүй дайн өрнөж байна шүү дээ. Хүмүүс амьжиргаагаа залгуулахын тулд нинжагаас илүүтэй эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.Ийм байдлыг үүсгэсэн нөхдөөс хариулцлага нэхэх хэрэгтэй. 30 км зам түгжирч байхад хүмүүс зарж байгаа нүүрстэй тэнцэх хэмжээний тээврийн түгжрэл үүсэх нь гэж цочирдож хүлээж авч байлаа. Харин одоо 150 км  түгжирхэд байдаг л зүйл мэтээр хүлээн авч байна. Нэг ёсондоо эвлэрч, дасал болж байна. Нөгөө талдаа байгаль орчноо хайрлаж, хамгаалахын тулд төмөр зам юуны түрүүнд чухал болоод байна. Автозамаар тээвэр хийхээр хүчин чадал нь хүрэлцэхгүй замаасаа гараад улаан түйрэн дунд явж байгаа нь нэг талаасаа хүний амьтай, нөгөө талаасаа байгаль орчинд халтай. Тиймээс чуулганы төлөөлөгчид аргаа ядаад нэг шийдлийг ярилаа. Монгол Улс төртэй юм бол энэ чимээгүй дайныг зогсоож асуудлыг цэгцэлмээр байна. Тиймээс “Coal Mongolia -2017” чуулганы 1000 гаруй төлөөлөгч энэ асуудлыг шийдэж өгөөч ээ гэсэн уриалгыг УИХ-д хүргүүлэхээр санал нэгдэв.Өмнөх чуулганаар бид улс төржилтөөс хол байлаа. Үнэхээр нүүрсний тээвэрлэлтийн асуудал шийдэгдэхгүй улс төржиж байгаа учраас УИХ-ын 76 гишүүнд хандахаас өөрцгүйд хүрсэн.

-280 киллометрт төмөр зам барих асуудалд хэдий хэрийн цаг хугацаа шаардах вэ?

-280 км төмөр зам барьж байгуулах нь хүндрэлтэй асуудал биш юм. 1000 км төмөр замыг хэдхэн сарын дотор барьдаг техник технологийн эрин үед бид амьдарч байна. Гэтэл 280 киллометрт төмөр зам барих гээд манай улс 10 жил боллоо. 280 киллометрт  төмөр зам тавихад жил гаруйн хугацаа л шаардана. Ер нь цаашдаа Монгол улс төмөр замаар л тээвэрлэлт хийнэ шүү дээ. Хятадын хилээр дамжин зүүн эргийн боомт руу нүүрсээ гаргах юм бол 300 ам. доллараар борлуулах боломж бүрдэх юм.

-Австралийн уул уурхайн жишгээс харахад олборолттой зэрэгцүүлэн нөхөн сэргээлт хийдэг. Харин манай улсын хувьд уурхайн хаалтын үеэр нөхөн сэргээлт хийдэг. Энэ зөрүүтэй ойлголтын шалтгаан юу вэ?

-Манай уурхайнууд одоо л хөгжиж эхэлж байна. Тэгэхээр урт хугацаандаа ТЭЗҮ-дээ нөхөн сэргээлтийг тусгах ёстой. Австрали улс бол манайхаас ялгаатай. Австралийн уул уурхайн хувьд хэвтээ ордтой харин Монгол бол босоо ордтойд учир нь байгаа юм. Тиймээс манайх заавал ухаж дуусч байж гаргасан шороогоо буцааж онгорхой нүхээ битүүлдэг онцлогтой. Тэгэхээр цаг хугацааны хувьд 20 жилийн олборлолт явсны дараа нүүрс олборлосон хэсгийг шороогоор дүүргэж битүүлнэ гэсэн үг. Нөхөн сэргээлтийн асуудлыг бүх уурхайнууд ТЭЗҮ-д тусгаад явж буй учир санаа зовох асуудалгүй.

-Мөн энэ жилийн чуулганы гол онцлог нь “Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум”-ыг  зохион байгууллаа. Эл форумын үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-Хятадын Нүүрс Ассоциаци чуулганыг хамтран зохион байгууллаа. Фэнвэй Энержи информэйшн сервисез компанийг мэдээллийн сайтаар нь манай нүүрсний салбарынхан сайн мэднэ. Эл сайтаар татварын нүүрсний жишиг үнийг зарладаг учир манай аж ахуйн нэгжүүд андахгүй. Энэ удаагийн хуралдаанаар мэдээлэл солилцож ойлголцын түвшинд хүрсэн. Монгол Хятадын нүүрс ассоциациуд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хамтран ажиллаж байгаа.

- Энэ жилийн -“Coal Mongolia” чуулганы  мандат их эрэлттэй богино хугацаанд борлогдсон гэсэн. Гэхдээ ирэх ёстой зочид буюу Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Ванг Шианг Зенг нарын  албаны хүмүүс оролцоогүй нь ямар учиртай вэ?

-60 гаруй компаниуд  буюу гадны 120 гаруй төлөөлөгч оролцохоо мэдэгдсэн. 45 хоногийн өмнө улаан, цагаан мандат борлуулаад дууссан. Энэ бол нүүрсний салбарт эрэлт нэмэгдэж бизнес эрхлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхол их байгааг илтгэсэн. Нөгөө талаар зохион байгуулагчдын зүгээс багагүй хүчин чармайлт гаргасан. Бид маш олон орны хуралд оролцож гадны хөрөнгө оруулагч, бизнесийнхэнтэй харилцаа холбоо тогтоож Монголынхоо бизнесийн орчныг танилцуулж  ирсний  үр дүн өнөөдөр гарч байна. Гадныхан монголын нүүрсний зах зээл сэргэж байна гэж харж байгаа. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд оролцсонгүй.  Өмнө нь үе, үеийн Ерөнхий сайд нар ирж, мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын нүүрсний салбарын бодлогыг танилцуулдаг уламжлалтай. Төрийн өндөрлөгүүд гадагшаа явж үнэтэй хуралд очиж монголоо сурталчлах бус үүдэндээ ирсэн хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөхийг л бодно. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирж мэндчилгээ дэвшүүлэхээ мэдэгдсэн ч өчигдөр Засгийн газраа огцруулахаар боллоо. Чуулганаас гарч буй шийдвэрүүд, уриалгуудыг бид Засгийн газарт өргөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Эзэн биегүй болж буй энэ нөхцөл байдал, улс төрийн тогтворгүй байдал  гадны хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байна.  Тиймээс улс төрийн хүрээнийхэн тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлэх үүнийг хамгаалахын төлөө дараагийн Засгийн газар ажиллах байх гэж найдаж байна. Энэ удаад Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Ванг Шианг Зенг нарын  албаны хүмүүс оролцохоо мэдэгдэж байрлах зочид буудал гээд бүх асуудлыг зохион байгуулагчдын зүгээс шийдсэн ч Хятадын Засгийн газраас энэ чуулганд оролцох хэрэггүй гэсэн юм билээ. Энэ шалтгааныг  салбарынхан улс төрийн нөхцөл байдал төрийн тэргүүний мэдэгдлээс үүдэлтэй болов уу гэж харж байна.

-  Өчигдөр S&P GLOBAL PLATTS”-ийн ахлах шинжээч Эдвин Ёо ахархан хугацааны  өсөлтийн үед Монгол Улс  их ажил амжуулж нүүрсний экспортоо нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэлэх боломжтойг онцолсон.  Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хамгийн хэлбэлзэлтэй байдаг бүтээгдэхүүн. Нүүрсний үнийн өсөлт хэдийн хугацаанд үргэлжилнэ гэж харж байна?

-Энэ оныг дуустал нүүрсний үнэ тогтвортой байх болов уу. Хятад улс Хойд Солонгост нүүрсний хориг тавьснаас гадна их гүрнүүдийн геополитикийн бодлогоос хамаараад далайн тээврээр тээвэрлэх нүүрсний хэмжээ эрсдэлтэй нөхцөлд ороод байгаа учраас их газрын тээвэрлэлт буюу дөт зам бүхий Монголоос нүүрс авах сонирхолтой байгаа. Тиймээс эрэлт үүсч байна. Нөгөөтэйгүүр манай талаас зам тээврийн хүчин чадлаас болоод эрэлтээ даахгүй нөхцөл үүссэн. 60 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай Монгол Улс 43 хувийн ашиглалтыг чадан ядан дугаарлан байж борлуулж байна.

-“Coal Mongolia” чуулганыг  санаачлагчийн хувьд төр засагт хандаж юу хэлэх вэ?

- Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр замаа элдэв улс төржилгүй хурдан бариад өгөөч ээ. Гашуун сухайтын боомтоо олон улсын шинж чанартай болгоод өгөхийг хүсч байна. 
Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ