Нүүдлийн байшин малчдын тохь тухыг хангадаг сууц болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-16 21:35:16
Дундговь /МОНЦАМЭ/. Отор нүүдэл хийхдээ гэрээ ачаалж явахын оронд хөнгөн авсаархан байшинтай чиргүүлийг машиндаа чирч  явдаг малчид Дундговь аймагт олон болжээ. Чиргүүл дээрх байшин аж төрөх тохь тухыг бүрэн хангасан байдаг. Үүнийг хийж, малчдын хэрэгцээг хангадаг хэд хэдэн мужаан бий бөгөөд тэдний нэг Хулд сумын 3- р багийн иргэн Р. Эрдэнэбулганаас үйлдвэрлэлийн нь талаар сонирхсон юм.

Отор нүүдэл хийж малаа бөөцийлж явах үедээ гэрээ ачаалж, буулгахаас эхлээд малчдад мунддаггүй ажлыг хөнгөвчлөх үүднээс  нүүдлийн энэ байшинг  хийж эхэлсэн байна. Найм дахь жилдээ үйлдвэрлэлээ эрхэлж байгаа гэлээ. Анх хийснийгээ жилээс жилд улам боловсронгуй болгож, усанд ордог душтэй, үүдний тамбортай, агааржуулагч, гал тогооны тавиуртайгаар нүүдлийн байшингаа хийдэг болжээ. Байшинг  малчид гуравдугаар сараас эхлэн 11 сар хүртэл ашигладаг байна.  Үүний тулд ханыг  нь дулаалж, мөн түлж халаах зориулалттай хийдэг. Шалыг мөн дулаалж хулдааслан, вакум цонх хаалгаар  тохижуулдаг ажээ. Усанд орох  душийг аккумляторт залгаад ашигладаг байна.

Малчдын тохь тухыг хангасан энэ байшин тэдний хэрэгцээнд ихэд нийцдэгийг хэлж байна. Нэг ийм байшинг 9.5 сая төгрөгийн үнэтэй бөгөөд  заавал бэлэн мөнгө гэхгүй мал оролцуулан авдаг нь малчдад нийцтэй ажээ.
“Нэг байшинд 7- 8 сая орчим төгрөгийн материал шаардагддаг. 10-15 хоногт хийж дуусгана. Жилдээ 20- 30 байшин хийдэг. Манай сумын малчдын ихэнх нь хэрэглэдэг болсон. Сүүлийн үед Өмнөговь, Өвөрхангай аймгаас захиалга ирдэг болсон. Малчдын захиалга огт тасардаггүй” хэмээн мужаан Р. Эрдэнэбулга ярьсан юм. Тэрээр нүүдлийн байшинг дагалдуулан малын зөөврийн хашааг мөн хийдэг болжээ.

 Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ