ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3 дугаар сарын 18-нд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-19 13:15:08
МОСКВА./ТАСС/. Оросын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3 дугаар сарын 18-нд болох ёстой ажээ. Энэ тухай даваа гарагт ОХУ-ын Сонгуулийн төв комиссийн нарийн бичгийн дарга Майя Гришина ирэх жилийн баярын өдрүүдийн хуанлийн саналын талаархи ОХУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлэлд тайлбар хийхдээ хэлжээ.

Үүнээс өмнө Оросын Хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас Оросын гурван талт комисс 2018 оны амралтын өдрүүдийг шилжүүлэх тухай саналыг дэмжсэн тухай мэдээлсэн юм. Энэхүү баримт бичгийн дагуу 3 дугаар сарын 8-ны баяраар Оросын иргэд 3 дугаар сарын 8-наас 11-нд дөрвөн өдөр амрах ажээ.

“Иймд Оросын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор амралтын өдрүүдийн дараахь ням гарагт буюу 2018 оны 3 дугаар сарын 18-нд болох ёстой гэдгийг бид холбогдох хүмүүст тайлбарлан өгч байгаа” хэмээн М.Гришина ярьжээ.

Оросын хууль тогтоомжоор төрийн тэргүүний сонгуулийг Холбооны Зөвлөл санал хураалт болох өдрөөс 100-аас илүүгүй, 90-ээс доошгүй өдрийн өмнө товлон зарладаг ба өмнөх ерөнхийлөгчийн сонгууль явуулсан сарын хоёр дахь ням гараг нь сонгуулийн өдөр болдог байна.

Иймд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3 дугаар сарын 18-нд болох ёстой ба энэ өдөр нь Крымыг Орост хавсарган нэгтгэсэн өдөр таарч байгаа ажээ.
О.Барс
Холбоотой мэдээ