Уншигч хүүхдүүддээ тохилог орчныг бүрдүүлж өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-20 12:38:29
Дундговь /МОНЦАМЭ/. С. Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан “Ухаан далай номоос эхтэй” төсөл хэрэгжүүлснээр хүүхдийн уншлагын танхимаа тохижуулж,  урьдынхаас илүү тохь тухтай орчинг уншигчиддаа бүрдүүлж байна. Энэ нь  21 сая төгрөгийн хөрөнгө оруулалт болж байгаа ажээ.

Хүүхдийн номын сан 4 мянга гаруй номын фондтой,  нэг удаад 50 гаруй хүүхэд хүлээн авах багтаамжтай. Уншлагын танхимаа ингэж тохижуулснаар уншигч хүүхдийн тохь тухыг хангаж байгаа, нөгөө талаар танин мэдэхүйн сургалт явуулах орчныг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ авчраад үлгэр уншиж өгөх, танин мэдэхүйг хөгжүүлэх сургалт явуулах зэргээр хүүхдүүдийг багаас нь номын сантай танилцуулах  тэр орчинг бид илүү ая тухтай бүрдүүлж байгаа юм гэж хүүхдийн номын санч Б. Гэрэлсүрэн ярилаа.

 Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төв номын санд гэр бүлийн болон танин мэдэхүйн танхимыг шинээр байгуулна хэмээн тусгасан байна. Үүнийг  хэрэгжүүлэх үүднээс дээрхи төслийг боловсруулсан  бөгөөд төслийг  “Дэлхийн Зөн Дундговь” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн ЗДТГ дэмжин санхүүжүүлжээ.  

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ