Дундговь аймаг шилдэг багш нар шалгаруулдаг уламжлалаа сэргээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-20 18:50:16
Дундговь /МОНЦАМЭ/. Орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бүтээлч багш нараа Дундговь аймаг энэ сарын сүүлчээр шалгаруулна. Үүнтэй холбогдох журмыг өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас баталжээ.

Энэ журам ЕБС, МСҮТ болон цэцэрлэгийн багш нарт хамаарах юм. Багшийн ёс зүйг сахиж, багшлах ур чадвар, арга зүй, хүүхдэд олгож буй хүмүүжлийн эерэг нөлөө, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлж буй арга барил, түүнчлэн эцэг эхтэй хамтран ажиллах чадвараараа бусдыгаа манлайлсан, үүнийгээ  тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлүүлж, 70- аас дээш оноо авсан, орон нутагтаа гурваас доошгүй жил ажилласан багш нарыг шилдэг багшийн болзол хангасан гэж үзнэ. Тэднийг шалгаруулахад  сургууль хамт олноос нь гадна эцэг эх, суралцагч, олон нийтийн саналыг ч харгалзахаар журамд тусгажээ. Жил тутамд 21  хүртэлх багшийг шалгаруулж, тус бүрт нэг сая төгрөгийн урамшуулалыг олгох юм байна. Аймгийн шилдэг багш нарыг улсын тэргүүний багшийн шалгаруулалтад оролцуулах бөгөөд 8 удаа аймгийнхаа шилдэг багшаар шалгарсан бол орон сууцаар хангахаар болжээ.

Санаачлагатай бүтээлч багш нараа шалгаруулж, шилдэг арга туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх, дэмжин урамшуулах зорилгоор Дундговь аймгийн Засаг дарга 2009 оноос эхлэн жил бүр шилдэг багш нараа тодруулж, шагнадаг болсон. Энэ уламжлал 2014 оноос эхлэн алдагдаж, шилдэг багш нарыг шалгаруулах журам хүчингүй болоод байсан юм. Харин энэ оноос  эхлэн дээрхи уламжлалыг сэргээж, шалгаруулалтын журмыг нь шинэчлэн ийнхүү дахин баталжээ.
Шилдэг багш нарт Монголын багш нарын баярын өдөр шагналыг нь гардуулж байхаар болсон байна.

Т. Отгонтуяа

 
 
 
 
Холбоотой мэдээ