Өвөрхангайд Халдвартын эмнэлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 10:06:45

Эрүүл мэндийн шинэ сайд бүрт дуулгаж, олон жил хөөцөлдөж байж баригдсан Өвөрхангай аймгийн Халдварт, сүрьеэгийн эмнэлэг 2015 оны 11 сарын 4-ний өдөр ашиглалтад орлоо.

Эмнэлгийн зураг төсвийг 2013 онд гаргаж, барилгын ажлыг 2014 оны 9 дүгээр сараас эхэлсэн юм. Барилгыг "Big Mongolia building" ХХК-иас  улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж гүйцэтгэсэн байна.

Халдвартын хуучин эмнэлэг нь он удаан жил болж мөөгөнцөртсөн, МХГ-аас үйл ажиллагаа явуулж болохгүй гэх дүгнэлтийг удаа дараа гаргасан, халдварыг эмчлэх байтугай халдвар тараахаар байсан бөгөөд өдгөө 30 ор бүхий шинэ эмнэлэгтэй болсноор иргэд тав тухтай, шаардлага хангасан нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Барилгын чанарын асуудлыг гүйцэтгэгч байгууллага гурван жил хариуцах гэнэ.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь анх Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол одоо 5 корпус бүхий иж бүрэн барилга, байгууламжтай болоод байгаа ба 2001 онд том эмнэлгийн барилга, 2013 онд Эх, хүүхдийн клиник, 2015 онд “Халдварт, сүрьеэгийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж байна. Цаашид тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтний ур чадвар, ёс зүйг сайжруулах шаардлагатай болохыг нээлтэд оролцсон аймийн удирдлагууд хэлж байлаа. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ