Дорнодод шүлхий дахиан гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-03 11:55:51
Дорнод /МОНЦАМЭ/ Өнгөрсөн сарын эхээр Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд отроор ирсэн малаас шүлхий өвчин гарсан билээ. Энэ асуудал дээр, аймгийн зүгээс хурдан шуурхай арга хэмжээ авснаар өвчин дахин дэгдээгүй байсан юм. Гэтэл 9 дүгээр 29-ны өдөр Баян-Уул суманд гоц халдвар шүлхий өвчин дахин гарлаа. Баян-Уул сумын нутагт хоёр өрхийн 12 толгой үхэр өвчилснийг, хорио тогтоон, устгалд оруулаад байна.
Мэргэжлийн байгууллага хяналт шинжилгээ явуулахад зээрийн сүргээс үүдэлтэй нь нотлогдсон аж. Цаашид шүлхий өвчнийг дэгдээхгүй байх тал дээр анхаарч, давтан вакциныг нэн даруй хийх, малын эмч  нарын дутагдлыг арилгах зэрэг асуудлаар Аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа.
Тус аймаг малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг бүрэн хийсэн байсан ч, ийнхүү өвчин гарсныг тарилгын явцад технологийн алдаа гарсан гэж тайлбарлаж байгаа юм. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нь 6 – 9 сар хамгаалдаг бөгөөд давтан тарилгыг яаралтай хийхээр болов.
 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ