Борлуулсан "Айфон Икс" ухаалаг гар утас тус бүрээс "Самсунг" компани 110 ам.доллар олно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-03 15:22:17
НЬЮ-ЙОРК. /Машэйбл/. "Эппл" компани 11 дүгээр сарын 3-ны өдөр "Айфон Икс" ухаалаг гар утсаа худалдаанд гаргах бөгөөд үүнээс маш их орлого олох нь гарцаагүй гэж "Машэйбл" сайтанд мэдээлжээ. 

Гэвч уг утсыг худалдаанд гаргаж ашиг орлого олох компани нь зөвхөн технологийн тэргүүлэгч компани болох "Эппл" биш бөгөөд тус компанийн гол өрсөлдөгч болох "Самсунг" компани "Айфон Икс" ухаалаг гар утсыг амжилтад хүрэхэд голлох үүргийг гүйцэтгэж байна. 

"Волл Стрит" сэтгүүлд хэвлэгдсэн "Каунтерпойнт" технологийн зах зээлийн судалгааны байгууллагын гаргасан судалгаагаар борлогдсон "Айфон Икс" тус бүрийн орлогоос 110 ам.доллар нь "Самсунг" компанид очих ажээ. Шалтгаан нь тун энгийн бөгөөд "Самсунг" компани "Айфон Икс” ухаалаг гар утасны шинэ OLED дэлгэц болон санах ойн чипийг ханган нийлүүлж байгаа юм. Хэрвээ “Айфон Икс” ухаалаг гар утас амжилтад хүрэх юм бол энэ нь “Самсунг” компанийн хувьд маш том орлогын эх үүсвэр нь болох юм.
 
2019 оны зун хүртлэх хугацаанд “Эппл” компани 130 сая утас борлуулна гэж “Каунтерпойнт” судалгааны байгууллага тооцоолжээ. Хэрэв төлөвлөгөөний дагуу утсаа борлуулж чадвал “Самсунг” компани “Айфон Икс” гар утасны эд ангийг нийлүүлснийхээ төлөө олох ашиг нь өөрийн “Галакси Эс 8” утасны борлуулалтаас олсон ашигтай харьцуулахад даруй 4 тэрбум ам.доллараар илүү байх гайхалтай зөрүү харагдаж байгаа юм.  
Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ