Хятад улсын алтны батлагдсан нөөц нь 12 100 тонн гэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-10-03 15:32:35
БЭЭЖИН. /Шиньхуа/. 2016 оны сүүлийн үеийн байдлаар Хятад улсын батлагдсан алтны нөөц 12 100 тонн хүрсэн байна гэж “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Ингэснээрээ Хятад улс алтны нөөцөөрөө дэлхийд 2 дугаар байрт буюу Өмнөд Африк улсын дараа орж байна.   
 
Өнгөрсөн онд алтны болон худалдааны биржийг оролцуулан Хятадын зах зээл дээрх алтны худалдаа, арилжааны банкуудаар хийгдсэн алтны нийт арилжаа 70 мянган тонн хүрсэн гэж Хятадын Алтны холбооны дэд ерөнхийлөгч Жан Юунтао хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн бөгөөд 2020 он гэхэд энэ тоо 100 мянган тонныг давах болно гэж тооцоолж байгаа ажээ.   

Хятад улс сүүлийн 10 жилийн туршид алтны үйлдвэрлэлээрээ, мөн сүүлийн 4 жилийн туршид алтны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Одоогоор жилдээ 450 тонн орчим алт олборлож байгаа бөгөөд 2020 он гэхэд жилд 500 тонн алт олборлох зорилт тавиад байгаа юм.

Энэ оны эхний хагаст нийт 207 тонн алт үйлдвэрлээд байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.8 хувиар буурсан байна гэж Хятадын Алтны холбооноос мэдээлжээ.    
Х.Сарнай 

 

 
Холбоотой мэдээ