АНУ шумбагч онгоцноос эсэргүүцэн хамгаалах “жолоочгүй” хөлөг онгоц туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-11 12:27:35

ВАШИНГТОН. /TASS/. Автомат удирдлагаар шумбагч онгоцуудыг ангуучлах чадвартай, багийн гишүүдгүй хөлөг онгоцыг АНУ 2016 оны эхээр туршиж эхэлнэ.

“Vice” интернэт хэвлэлд мэдээлснээр, 140 тонн жинтэй, 40 метр урт уг хөлөг онгоцны зураг төслийг АНУ-ын Батлан хамгаалах салбарын судалгааны шилдэг төслүүдийн агентлаг буюу “DARPA”-гийн захиалгаар гаргасан бөгөөд одоо тус улсын баруун эргийн Орегон муж улсын “Leidos” компанийн мэргэжилтнүүд бүтээж байна. Уг хөлөг онгоцыг бүтээх ажил “90 хувийн гүйцэтгэлтэй” байгаа аж. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотод 2016 оны 1-2 дугаар сард эхлэх туршилтыг хоёр жилийн хугацаанд явуулахаар тооцоолжээ.

“Vice” сонинд бичиж буйгаар, ACTUCV /Anti-Submarine Warfare Continuous Trail Unmanned Vessel, "Шумбагч онгоцноос тасралтгүй эсэргүүцэн хамгаалах автомат хөлөг онгоц"/ гэж нэрлэсэн шинэ хөлөг онгоц нь юуны өмнө, маш чимээгүй шумбагч онгоцыг мөрдөхөд зориулагдсан байна.  

Шинэ хөлөг онгоцны гол давуу талыг түүнийг бүтээгчид харьцангуй хямд зардалтай гэж харж байна. Уг хөлөг онгоцыг ашиглалтад оруулснаар АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина тээгч хөлөг онгоцонд өдөрт зарцуулдаг 700 мянган доллартай харьцуулахад  өдөрт 15 мянга орчим доллар зарцуулах аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ