Дэлхийн шилдэг компаниуд Монголд бизнес эрхлэх боломжийг эрэлхийлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-10 15:49:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, уул уурхай, хүнс, байгаль орчин гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилго бүхий “Экспо Монголиа- 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал 5 дахь жилдээ “Мишээл экспо” төвд эхэллээ.
Монгол Улс газрын баялгаараа алдартай улс юм. Гэхдээ уул уурхайгаас хараат эдийн засгаа олон тулгуурт болгохын тулд бусад салбараа хөгжүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй гэдгийг “Экспо Монголиа- 21” компанийн гүйцэтгэх захирал Инго Кловер нээлтийн үеэр хэллээ.

Тэрбээр, “Бид Монголын уул уурхайгаас бусад салбарыг олон улсад таниулах зорилт тавьж байна. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр орон орны аж ахуйн нэгжүүд уулзаж, хамтран ажиллах түнш байгууллагуудаа олж, бизнесээ хөгжүүлэх боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Үзэсгэлэнгийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн. Энэхүү үзэсгэлэн нь Монголын аж ахуйн нэгжүүд шинэ зах зээлд нэвтрэх, бизнесийн орчныг тэлэх өргөн боломжийг нээдгээрээ дотоодын төдийгүй гадаадын аж ахуйн нэгжүүдийн дунд хүлээлт үүсгэдэг арга хэмжээ болсныг Ерөнхийлөгч илгээлтдээ дурьдаад, “Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, машин механизм, шинэлэг бүхнийг танилцуулдаг уг арга хэмжээ манай улсад болж буйд талархалтай байна. Монгол улс цаашид өсөн дэвжих өндөр ирээдүйтэй орон. Манай улсын эдийн засгийн хөгжил дэвшилд уул уурхайн салбар голлох байр суурьтай ч цаашид хөдөө аж ахуйн болон аж үйлдвэржсэн орон болохыг зорьж байна. Энэхүү үзэсгэлэнд дэлхий нийтэд танигдсан нэр хүндтэй компаниуд оролцож, Монголд бизнес эрхлэх боломжийг эрэлхийлж байгаа нь Европ стандартыг манай улсад нэвтрүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байна” гэжээ.
Уг арга хэмжээнд Монгол, ХБНГУ, БНЭУ, АНУ, БНСУ, БНХАУ, Беларусь зэрэг орны 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “STIEBEL ELTRON” компанийг нэрлэж болох юм. Уг компани амины болон нийтийн орон сууц гэрт ашиглаж болох бүх төрлийн халаалтын төхөөрөмж үйлдвэрлэдэг байна. Тус компанийн бүтээгдэхүүнүүд өрөө тасалгааг 10-30 хэм дулаан байлгах бөгөөд энгийн халаагуураас 2-3 дахин бага эрчим хүч зарцуулдаг гэж байв. Компанийн зүгээс бүтээгдэхүүндээ 30 жилийн баталгаа өгч байна. Мөн үеэр Монгол Улсад салбараа нээх сонирхолтой, түншээ хайж байгаа аж ахуйн нэгжүүд ч нэлээд байлаа.Үүний нэг нь БНСУ-ын "XTREME FARM LIMITED" компани юм. Байгуулагдаад хоёр жил болж буй уг компани анхны гадаад зах зээлээр Монголыг сонгожээ.Тус компани хүлэмжийн болон орон сууцны зориулалтаар ашиглаж болох чингэлэг үйлдвэрлэдэг. Чингэлэгт мөөгнөөс эхлээд бүх төрлийн нарийн ногоо тариалах боломжтой. Мөн энэхүү компани өөрсдийн чингэлэгт тариалсан мөөгөөр хүний эрүүл мэндэд тустай био цай үйлдвэрлэдэг аж.
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдаас үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж байна. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас залууст зориулсан мастерын нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулав. "Cheving" хэмээх энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь залууст мэргэжлийн болон академик боловсрол, ур чадвар эзэмшүүлэхээс гадна Английн түүх соёлтой танилцах боломжийг олгодог байна. Тэтгэлэгт хамрах хүсэлтийг ирэх сарын 17 хүртэл Элчин сайдын яаманд бүртгэх аж.

Мөн БНЭУ-ын Элчин сайдын яамнаас 2017, 2018 онд тус улсад болох томоохон арга хэмэжээнүүдийг танилцуулж, оролцогчдыг бүртгэж байна. Тухайлбал, ирэх сарын 03-05-нд “Дэлхийн хүнс Энэтхэгт 2017”, 09-11-нд “Дээд боловсролын дээд хэмжээний уулзалт” болох юм. Мөн ирэх онд Эм зүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүний “АЙПЕКС” арга хэмжээ болох аж. Монгол, Энтхэгийн гадаад худалдааны эргэлт жилд 25 сая ам.доллар байдаг аж. Энэ нь олон улсын дундажтай харьцуулахад маш бага үзүүлэлт гэдгийг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоел дурьдаад, “Манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр хөгжсөн. Одоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна. Манай улсад болох арга хэмжээнд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг зарим тохиолдолд онгоцны тасалбар болон байрлах зочид буудлаар нь хангадаг. Мөн бизнес эрхлэгчид манай улсад нэвтрэх визийг үнэгүй олгодог юм. Тиймээс манай хоёр орны аж ахуйн нэгж хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй байгаа гэсэн үг. Манай талаас Монголд боловсрол, эрүүл мэнд, уул уурхай гэх мэт олон салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн Энэтхэгийн Болливүүдийн кинонуудын зураг авалтыг ч Монголд хийх боломж бий. Ингэвэл манай орны олон жуулчин Монгол Улсыг сонирхон ирэх болно. Хоёр орны хооронд шууд нислэг үйлддэг болох талаар ярилцаж байгаа. Үүнийг Энэтхэгийн талаас бүрэн дэмжсэн. Одоо Монголын Засгийн газраас энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөх хэрэгтэй” хэмээв.

“Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ