Хотын дарга С.Батболд Москва хотын Архивын газарт зочлов

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-11 09:57:34
Москва /МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр  Москва хотын Архивын удирдах газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр хоёр хотын архивын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, үнэт баримт бичиг харилцан солилцох, мэргэжил арга зүйн туршлага солилцох зорилготой Улаанбаатар, Москва хотын Архивын удирдах газрууд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулав.
Хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд Нийслэлийн Архивын Газрын дарга С.Гаваа, Москва хотын Архивын удирдах газрын дарга Ярослав Онопенко нар гарын үсэг зурав.
Анх 2001 онд Улаанбаатар, Москва хотын түүхийг судлах түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, архивын ажлын туршлага солилцохоор хоёр хотын Архивын удирдах газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж байв. Түүнээс хойш 2005, 2015 онд хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулснаар архивын салбарын хамтын ажиллагаа улам өргөжсөн түүхтэй.
Мөн энэ үеэр хотын даргын айлчлалд зориулан хоёр хотын хамтын ажиллагааны 60 жилийн түүхийг өгүүлсэн “Москва- Улаанбаатар найрамдлын замаар” нэртэй цахим үзэсгэлэн үзэж сонирхов. 
Цахим үзэсгэлэнд 20 дугаар зууны эхэн үеэс өдийг хүртэл архивын санд хадгалж буй хоёр хотын найрамдал, хамтын ажиллагааг харуулсан 100 гаруй фото зураг, ховор нандин баримт бичгийг дэлгэжээ.
Москва хотын Архивын Газрын дарга Ярослав Онопенко “Манай төвөөр Улаанбаатар хотын дарга С.Батболд болон түүнийг дагалдан яваа хүндтэй зочид саатаж буйд баяртай байна. Москва, Улаанбаатар хотын Архивын Газар хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш 16 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хоёр хот түүхийн ховор нандин баримт бичгүүдийг харилцан солилцохоос эхлээд нягт холбоотой хамтран ажиллаж ирсэн.Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.  
Нийслэлийн Засаг дарга С.Батболд тус төвөөр зочлох үеэрээ архивын бичиг баримтын сэргээн хадгалах лабораторитой танилцаж, хуучирсан баримтыг сэргээн засварлах явцыг сонирхсон юм.
“Москва- Улаанбаатар найрамдлын замаар” цахим үзэсгэлэнг ОХУ-ын Архивын төв Газрын цахим хуудсанд байршуулан олонд дэлгэн үзүүлэх аж. 
 
Л.Нандиа
 
 
  
Холбоотой мэдээ