Хүүхдийн тусламжийн 108 утсанд сард 13-15 мянган хүүхэд ханддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-11-11 17:19:37

Өнөөдөр болсон "Хүүхдийн тусламжийн утас 108-ын өнөөгийн байдал, цаашдын зорилт"-ыг тодорхойлох уулзалт, зөвлөгөөний үеэр сард дунджаар 13-15 мянган хүүхэд хандаж, зөвлөгөө мэдээлэл авч, тусламж хүсдэг талаар албаныхан хэллээ.

Манай улсад Хүүхдийн тусламжийн утас 108-ыг хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилгоор өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс ажиллуулж эхэлсэн бөгөөд 24 цагаар тогтмол дуудлага хүлээж авдаг байна.

Манай улсад 0-18 насны нэг сая гаруй хүүхэд амьдардаг. Тэдний 67 хувь нь хүүхдийн тусламжийн 108 утсыг мэддэг гэсэн судалгаа гарчээ. Энэхүү тусгай дугаарт дуудлага авч эхэлснээс хойш 17 сарын хугацаанд 230 мянган дуудлага хүлээн авчээ. Энэ нь өдөрт 400-500 хүүхэд ханддаг гэсэн үг юм. Тиймээс энэ утасны дэргэд түр хамгаалах байр шаардлагатайг  зохицуулагч нь хэлж байна.

Өнөөдөр Монгол Улс хүүхдийн хүчирхийллийн болон тулгамдаж байгаа асуудлын мэдээллийг ганцхан утсаар авч байна. Цаашдаа илүү олон сувгаар мэдээлэл авч, тусламжийн цар хүрээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байгааг ч хэлж байв.

Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцох цаг болсныг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ