Дорнод аймаг ирэх оны хөгжлийн төлөвөө хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-16 17:20:50
Дорнод /МОНЦАМЭ/  Дорнод аймаг 2018 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлээ хэлэлцэж байна. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 20-ны өдөр болох юм. Тус хуралдаанаар ирэх оны хөгжлийн үндсэн чиглэлийг батлуулахтай холбогдуулан тэдгээрийг Хэрлэн сумын 10 багийн иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь сонсохоор төлөвлөсөн. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр Хэрлэн сумын 2, 3-р багт хэлэлцүүлсэн бол маргааш бусад багт хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлгээр холбогдох агентлаг, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг  бүрэн хамруулж, салбар бүрээс гарч байгаа саналыг нэгтгэн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх юм.

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, 2030 он хүртэлх төсөөлөл”, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн боловсруулжээ. Үүнд, үндсэн дөрвөн багц бодлогын хүрээнд 129 зорилт, 310 үйл ажиллагаа төлөвлөгдсөн юм байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ