Гэцогдаржайлин хийдийн шашны дунд сургууль нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-18 14:08:48
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржайлин хийдийн хамба лам З.Хашхүү багшийн мэлмий гийсний 100 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 56 жилийн ойн билэгт сайн өдөр дотуур байр бүхий бүсийн хэмжээний шашны сургууль нээлтээ хийлээ.

Гэцогдаржайлин хийд нь зориулалтын сургуулийн байр байхгүйн улмаас дуган дацандаа ерөнхий эрдмийн сургалтыг бага, дунд, ахлах ангиар нь ялгалгүй нэг дор явуулдаг байсан тухай Хамба лам Ж.Мөнхсүх онцлоод энэ сургууль байгуулагдсанаар лам нар шашны болон ерөнхий эрдмийн хичээлийг сургалтын таатай орчинд сурах, дотуур байрандаа багшийн хамт байрлах зэрэг олон давуу талтай болж байгааг хэллээ. Мөн өмнө нь зөвхөн Дарханы хүүхдүүд суралцдаг байсан бол шинэ орчин бүрдсэнээр Орхон, Сэлэнгэ зэрэг аймгаас ирж суралцах боломжтой болж байна.

Энд ерөнхий эрдэм, шашны боловсрол олгохоос гадна Монголын түүх, уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах ажээ.
 
50 хүүхдийн багтаамжтай тус сургууль одоогоор 10 гаруй хүүхэд хичээллэж байна. 500 гаруй сая төгрөгийн өртөгтэй сургуулийн барилгын ажлыг  “Минж проперти” ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Түүхийг эргэн санавал 1800-аад онд байгуулагдсан тус хийд дэргэдээ их бага таван арга ухаанд нийцсэн шашны сургуультай байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. 
Л.Отгонбаатар






Холбоотой мэдээ