Умард Солонгосын парламентын гишүүдээс захидал хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-20 10:47:39
СИДНЕЙ. /ТАСС/. Умард Солонгосын эсрэг чиглэсэн АНУ-ын бодлогыг дэмжихгүй байхыг Австралийн эрх баригчдад уриалсан захидлыг БНАСАУ-ын парламентын гишүүд өөрт нь ирүүлсэн тухай Австралийн гадаад хэргийн сайд Жули Бишоп мэдээлсэн байна гэж ТАСС агентлаг уламжлав. 

“БНАСАУ-ын Ардын дээд хурлын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны гишүүдээс Авсралийн Парламентад хандан илгээсэн уг нээлттэй захидлыг Умард Солонгосын дипломат ажилтнууд Жакарта дахь Австралийн элчин сайдын яаманд хүлээлгэн өгсөн бөгөөд дараа нь уг захидлыг надад дамжуулсан юм" гэж Австралийн гадаад хэргийн сайд “The Sydney Morning Herald” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.   

“Умард Солонгост дипломат шугамаар болон эдийн засгийн аргаар дээд зэргийн дарамт шахалт үзүүлэх зорилготой холбоотон ба түнш улсуудын хориг арга хэмжээний хамтын стратеги үр дүнгээ өгч байгааг энэхүү захидал гэрчилж байна" гэж үзэж байгаагаа Жули Бишоп илэрхийлсэн байна.

Э.Аянзаяа
Холбоотой мэдээ