Булган сумын Соёлын төвийг Г.Жамъянгийн нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-20 12:59:05
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан яг одоо болж байна.  Хуралдаанаар тус аймгийн Булган сумын Соёлын төвийг Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян нь 1919 онд Дорнод аймгийн Булган сумын Туг уул хэмээх газар мэндэлсэн суут хүмүүн билээ.
Их хуурчийн гэр бүлийнхэн тус сумын Соёлын төвийг нэрэмжит болгох тухай хүсэлт гаргасны дагуу сумын ИТХ-аас аймгийн ИТХ-д, аймгийн Засаг даргад хүсэлт ирүүлжээ.
Г.Жамъян хуурч 20 орчим дуу, хоёр хөгжимт драмын жүжиг, 14 концертын бүжиг, нэг бүжгийн жүжгийн хөгжим, үндэсний болон европын төрөл бүрийн хөгжмийн зэмсэгт тохируулан бичсэн 50 гаруй зохиол, морин хуур хөгжмийн хоёр сурах бичиг, нэг дуурь, хоёр киноны хөгжим бичиж, дэлхийн 20 гаруй оронд өөрийн үндэсний урлагаа сурталчлан таниулсан шавхагдашгүй суу билиг, авьяаст нэгэн байжээ.
Их хуурчийн охин Ж.Цэцгээ Монголын хамгийн нарийн сапрон хоолойтой дуучин бол түүний зээ хүү нь “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ