Дундговь аймгийн “Бага олимп" спортын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-20 21:13:37
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор “Бага олимп- 2017” спортын наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөө орой Мандалговийн төв талбайд болж, олимпийн бамбарыг асаалаа.Олимпын спортын төрлүүдийг орон нутагтаа дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор энэ наадмыг аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа  хөтөлбөрт тусгаад байжээ.

Бага олимпийг нээж аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, биеийн тамир, спорт бол хүний хөгжлийн нэг гол хүчин зүйл учраас спортоор дамжуулан хүн ардынхаа эрүүл мэндийг дэмжин хамгаалах, бүх нийтээрээ аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө нэг зорилго тэмүүлэлээр эвлэлдэн нэгдэж, улмаар аймгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд Бага олимпийн зорилго оршиж байгааг онцлоод “Хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын билэгдэл болсон олимпизмын үзэл санааг орон нутагт сурталчлах, олимпийн спортын төрлүүдийг дэлгэрүүлэн хөгжүүлж бүх нийтийн хүртээл болгоход өөрийн хувь нэмрийг оруулж, Бага олимпт хүрэлцэн ирсэн спорт сонирхогчиддоо талархал илэрхийлж, амжилт хүсье” гэв.
“Цаашид  Бага олимпийг 2 жилд тутамд зохион байгуулна. Дундговьчууд бид Монгол түмэндээ олимпийн ирээдүйн аваргыг төрүүлэх,   спортын их тавцанд алдар цуут амжилтын эздийг төрүүлэх их итгэлийг өвөртөлж байна” гэдгийг ч Засаг дарга хэлсэн үгэндээ тодотгосон юм.

Бага олимпийг нээж аймгийн Засаг даргыг үг хэлсний дараа Монгол Улсын төрийн далбаа, Дундговь аймгийн хүндэт далбаа, Олимпийн далбааг хүндэтгэн залж, Бага олимпийн гэрэлт бамбарыг асаалаа.
Олимпийн далбааг Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, ОБЕГ ын салааны захирагч, гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний  мастер, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний анхны медальт, Гал унтраах техникийн олон төрөлт тэмцээний Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон, 2012 оны шилдэг тамирчин Г. Шинэхүү, Волейболын спортын Олон улсын хэмжээний мастер М. Гаамаа, волейболын спортын нэгдүгээр зэргийн тамирчин,Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан А. Пунсалдулам, 100 буудалт даамын спортын мастер, Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, шатрын спортын дэд мастер С. Таня нар хүндэтгэн залж, мандуулсан бол  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат, Олон улсын хэмжээний мастер Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Б. Наваанжамц, волейболын  улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, МУИС- ын оюутан  Б. Анхбаяр, Өндөршил сумын харъяат Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Б. Ачирбилэг нар Бага олимпийн бамбарыг асааснаар Дундговь аймгийн анхны Бага олимп эхэллээ.

Бага олимпийг 15 сумаас 18 ба түүнээс дээш насны 1000 гаруй тамирчин зорин ирсэн байна.  Тэд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, зуун буудалт даам, үндэсний бөх, дартс, ширээний теннис гэсэн төрлүүдээр залуучууд, дунд болон ахмад  настны ангилалд өрсөлдөнө.  Бага олимпийн ерөнхий шүүгчээр аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч С. Цолмон, шүүгчдийн бүрэлдэхүүнд тус байгууллагын дасгалжуулагч нараас гадна Монголын сагсан бөмбөг, гар бөмбөг, дартсын холбооны 11 шүүгч хүрэлцэн ирж ажиллаж  байна. Бага олимп ням гаригт өндөрлөж, дүнгээ гаргана.
 
Т. Отгонтуяа

гэрэл зургийг С.Пүрэвсүрэн





 

 
Холбоотой мэдээ