Гандуу байснаас үлийн цагаан элбэгшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-27 15:38:45
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян суманд энэ өвөл 279 мянган толгой мал өвөлжинө. Малчдын ихэнх нь орон нутагтаа өвөлжих бол Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумдад гучаад өрхийн 2800 гаруй мал, өөр аймагт буюу Хэнтий аймгийн Баянхутаг суманд хоёр өрхийн 2000 орчим мал өвөлжих төлөвтэй байгаа аж. Энэ өвлийн хувьд хүндхэн өвөл болох магадлалтай байгааг сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ж.Соёлсүх хэллээ.

Тэрээр энэ тухай хэлэхдээ “ Нэгдүгээрт, сумын хэмжээнд өнгөрсөн найман сараас хойш бороо ороогүй учир өвс эрт хатсан. Хоёрдугаарт, өвс эрт хатсантай холбоотойгоор оготно маш их элбэгшлээ. Цаг хатуурвал манай суманд өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд байгаа гэж хэлж болно. Оготно устгалтай холбоотой ажил энэ жил суманд хийгдээгүй учир нөхцөл маш хүнд байна. Энэ талаар холбогдох арга хэмжээг даруй авах шаардлагатай болоод байна. Малчид болоод төр захиргааны байгууллагын зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, сумын аюулгүйн нөөцөд 70-аад мянган тонн өвс, таван тонн тэжээл бүрдүүлээд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах талаар сумын засаг даргын албан даалгавар гарч, малчид хувийн бэлтгэлээ базааж байна” гэв.
Т. Одончимэг
 
 
Холбоотой мэдээ