МУГЖ Г.Ариунбаатарын тоглолтын тасалбар 60-100 мянган төгрөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-09 10:29:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Чингис хаан"- одонт, МУГЖ дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог III” тоглолтоо энэ сарын 10, 11-нд “The Corporate Hotel & Convention centre”-ийн тайзнаа толилуулна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Мюзик" төслийг хэрэгжүүлэгч "Монгол Контент" ХХК, ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/-ын захирал, УГЗ Г.Цоггэрэл болон ҮУИТ, Монгол Улсын Филармони, "Лемон" студи зэрэг 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллаж байна. Тоглолтод "Никитон" хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуун болон ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Батчимэг оролцоно.

Хоёр хэсгээс бүрдэх тоглолтын эхний хэсэгт дуучин Г.Ариунбаатар Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг үзэгчдэдээ толилуулах бол хоёрдугаар хэсэгт дэлхийн нэр хүндтэй томоохон дуурийн театруудад дуулдаг алдартай бүтээлүүдээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах юм. Тоглолтын тасалбар нь 60, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn цахим хуудаснаас захиалж авах эсвэл 1900-1800 дугаарт холбогдон захиалах боломжтой.

Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй тэрбээр энэ жил Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож, “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон. Тэрбээр анхны бие даасан “Монгол сонгодог” тоглолтоо 2011 онд хийж байсан бол дараагийн тоглолтоо 2015 онд олон түмэндээ өргөн барьсан билээ. 
Ж.Болор
Холбоотой мэдээ