"Улсын аварга тогооч" уралдааны Гранпри шагналыг "Castle" баг хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-14 18:08:13

"Улсын аварга тогооч" шалгаруулах уралдааны Гранпри шагнал, Алтан медалийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Castle" баг, мөнгөн медалийг "City lions" баг, хүрэл медалийг "Найзууд" баг хүртлээ.

"Улсын аварга тогооч" шалгаруулах уралдаан МҮХАҮТ-д болж байна. Тус уралдаанд  21 аймаг, 3 хотын 130 гаруй тогооч оролцож байгаа бөгөөд Орчин үеийн монгол хоол, Европ хоол, Ази хоол, Нарийн боов, Багийн төрөл, Сургууль цэцэрлэг, эмнэлгийн хоол төрлүүдээр ур чадвараа сорьж буй юм. Европ хоолны төрөлд нийт 32 тогооч ур чадвараа сорьсноос нэгдүгээр байранд 89.6 оноогоор "Жи ти фүүдс" компанийн тогооч Д. Октябрь, хоёрдугаар байранд 89.5 оноогоор "Up lounge" рестораны тогооч Г. Энхбаяр, гуравдугаар байранд "Esencia" рестораны тогооч Э. Энхбаяр нар шалгарлаа. Орчин үеийн Монгол хоолны төрлийн Шилдэг тогооч нараар "Монет ресторан"-ы тогооч Э.Тэнгэр тэргүүлж, хоёрдугаар байранд  "Zooloo star"ХХК-ний тогооч Ю. Базармаа, гуравдугаар байранд Эрдэнэт үйлдвэрийн тогооч Б. Байгалмаа, дөрөвдүгээр байранд "Модерн номадс" сүлжээ рестораны тогооч Б. Мөнгөншагай нар тодров.

 Эл уралдаанд "Broadway" сүлжээ рестораны тогооч Т.Түвшинжаргалын “SUGAR ART” төрлөөр хийсэн бүтээл олны анхаарлыг татаж байв. Энэхүү бүтээлийг 3 кг элсэн чихэр, хүнсний будгаар урлажээ. Мөн Орхон аймгийн "Хаан хүнс эрдэнэт" ХХК-ийн ахлах тогооч Х.Төрбаяр, тогооч Н.Алтангэрэл нарын хамтран хийсэн Жимс, хүнсний ногооны сийлбэр бүтээлд 18 кг хулуу, 8 ширхэг лууван, 2 ширхэг тарвас, 2 ширхэг цагаан лууван оржээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ